Эхнэртээ ёстой нэг ингэж гомдож билээ гэж эр хүмүүсийн ярьж байхыг сонсоогүй юм байна. За ховорхон тийм тохиолдол байхыг үгүйсгэхгүй ээ.
2018 оны Novemberын 27

Г.Соёлгэрэл
Гэрийн_эзэгтэйг_хайрлаж_яваарай
Гэргийн тань хадмындаа анх орохдоо хярсан бүжин шиг борхон нүд нь цавчлан байсан хонгор төрх хааяа сэтгэлд чинь тодорч харагддаг биз дээ. Хэн нэг нь ширүүхэн дуугарахад л үргэчихмээр тийм эрвээхэй бүсгүй танай босгыг юу бодож алхдагийг тааварлаарай. Тийм ээ, тэр үед цэг төдий ч хар муу санаагүй, зөвхөн хайртай хүнийхээ энгэрт эгнэгт тэврүүлэх гэсэн хорвоогийн хамгийн уянгын гэмээр ганцхан бодол тээж ирдэг юм. Алт мөнгөнд шунаж суудаггүй, аавын хүүгийн хайранд ээнэгшиж хадамд гардаг юм. Чиний бүтэн биений тал болж ганцхан насны амьдралаа зориулж байгаа гэргийгээ хоосон хоносон ч хамаагүй ээ, гагцхүү сэтгэлийг нь л амирлуун байлгаарай. Чамд өдөр бүр хайртай гэж худал үнэн нялганадаггүй байж мэднэ ээ, бүрэг ичимхий монгол цус урсаж байдаг юм. Тийм ээ, чиний хайр л хамгаас үнэтэй.
Түүнийг хайрлах хайрын тань хэмжүүр ямархан бол? Харин гэргийн тань хайр чиний хайрыг тооломгүй оддоор үржүүлсэнтэй адил тийм тэнгэрлэг уяхан ундарга юм. Чамаас юу ч нэхэхгүй насаараа нэг гэрт амьдарч чадах улс. Чимээгүй гунигт бүү унагаарай. Наанаа чанга уйлдаг ч сэтгэлийнхээ мухарт чив чимээгүй болчихсон тийм гомдол тээж мэднэ шүү, ухаарч амьдраарай. Хоол унд хийгээд халамжлан гүйх нь хүртэл хайр эгдүү хүргэм болохыг өдөр бүр анзаарч хардаг биз дээ.
Чамайг хуурах тухай бодол гэрийн эзэгтэйд байхгүй ээ. За яах вэ, хорвоод сайн муу сүлэлдэж оршин байж мэдэх юм. Амьдрал гэдэг агуу их захгүй далай болохоор гэргийнхээ сэтгэлийг сайхан сэтгэл, халамж хоёроор сэлүүрдсэн хүн ханьсан жаргаад явчихна аа. Энэ л бүсгүйн мөрөөдөл болохоос илүү дутуу хайр гэдгийг тэд огтоос мэддэггүй, тийм зүйлийг төсөөлж ч бодож үзээгүй гэгээхэн эрхэм хүмүүс юм. Зовлон, гуниг дунд чамайг ганцаар үлдээж зүрхлэхгүй юу ч байсан ханьсан сөрж зогсох баатарлаг хүмүүс билээ.
Чиний өгч байгаа хайр л тэдэнд хангалттай жаргалын дээд байдаг учир умгар өрөө, яажгий ортой өрх тусгаарласан ч хайр чинь л оргилон байхад юу юунаас илүү баян болгодог юм. Би хорвоогийн хамгийн баян эмэгтэй болмоор байна гэж нэг ч гэргий нөхөртөө хэлэхгүй байх шүү. Тийм хүсэл тэдэнд хэрэггүй. Чи түүнийг сонгосон гэдэг нь юутай ч зүйрлэмгүй оломгүй жаргал байдаг аа. Хоёулаа босгосон амьдрал, эсвэл нөхөртөө дэм болсон ухаанд л амьдралын утга учир, үнэ цэнэ оршдог.
Эхнэртээ ёстой нэг ингэж гомдож билээ гэж эр хүмүүсийн ярьж байхыг сонсоогүй юм байна. За ховорхон тийм тохиолдол байхыг үгүйсгэхгүй ээ. Тэгэхээр чиний л аясаар аядуухан хөдөлдөг, чиний санаанд бүхнийг тохируулах гэж хичээдэг, чиний төлөө бүхнээ зориулдаг тийм ачтан өөр байна уу? Хөөрхий буурал ээжийгээ бид бүгд энэ үед адилхан бодох байх. Гэхдээ хорвоогийн жамаар биднийг гашуун нулимсан дунд үлдээгээд явдаг нь буцааж болдоггүй тавилан шүү дээ.
Гэргий хүнд энэ үед хорвоо их учир начир бүхий агуулгатай амьдралын нэгэн даалгавар өгсөн. Ээжээс нь хойш хүний сайн хань болж үлдээрэй гэж захисан. Тийм дээ ч ухаан, тэвчээр, халамж хайр хайрласан. Ээжийн үгүйд ханийнхаа хайр халамжинд ийнхүү бид шилждэг. Энэ агуу хайрын үргэлжлэл болох хүн бол таны гэргий юм. Хорвоог туулахад, хатууг зөөллөхөд, хайранд бүүвэйлэгдэхэд гэргийн тань халамж, хайр ухаан юутай ч зүйрлэмгүй эрдэнэ юм. Тэгэхээр хорвоо дээр оршдог нэгэн эрдэнэ бол хань билээ. Би хүүхдийг чинь төрүүлсэн гэж хэзээ ч чамаас өр нэхэхгүй. Үрийн минь аав гэж үргэлжид дээдлэн, ханцуйн дотроо залбирч суудаг амьдралын тань тэнхлэг билээ.
Нуруунд чинь тийм их ачаа үүрүүлээгүй шүү залуу минь, та зөвхөн бүсгүйг хайрлах л үүрэгтэй. Бусдыг нь гэрийн эзэгтэй өөрөө үг дуугүй амжуулчихна. Ээ дээ, ийм л учир гэрийн эзэгтэйг хайрлаж яваарай.

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага