Хоёулаа тус тусдаа амьдралтай ч тэр анхны хайраа АЛДМААРГҮЙ нууц амрагууд болъё гэвэл яанаа
2018 оны Novemberын 27

Зохиолч Н.Найданбат
Эцсийн_зогсоол


Туяамаа толины өмнө эргэлдэн юу өмсөхөө сонгож ядан зогсоно. Цагаан хослолоо өмсвөл наранд борлосон нүүрийг нь арай гэрэлтүүлж өгөх ч юм шиг, эсвэл улаан даашинзаа өмсвөл дэгжин бас галтай цогтой харагдах ч юм шиг бүүр эргэлзэж орхилоо. За ямар ч байсан үсчин ороод зүсээ аятайхан болгоод авъя гэж бодсоор гарлаа.
Толины өмнө суухдаа ангийн уулзалтанд түүнийгээ ирэх болов уу? яах бол? гэж догдлон бодсоор. Тулгаа хэрэв ирэхгүй бол тэр ингэж их бэлдэн очих шаардлагагүй мэт санагдаж байв. Ангийнхантайгаа хэдий олон жил уулзаагүй ч тэд нар сонин биш байлаа.
Зөвхөн Тулгаад л гоё харагдаж “Энэ ямар сайхан бүсгүй болоо вэ? Би ямар нүдээрээ харахаараа тоодоггүй байсан юм болоо?” гэж бодогдуулж – Туяа, Туяа гэж хойноосоо хөлийг нь хугартал гүйлгэхсэн гэж мөрөөдөв. Гэхдээ бас зөвхөн харамсал, атаархал төрүүлэх нь чухал биш байлаа. Яагаад гэвэл Туяамаа 10 р ангид байхдаа Тулгаад үнэхээр хайртай байсан юм. Анх 7 р ангидаа түүнийг хардаг болсон ч анхны хайр, шохоорхолын алин болохыг өөрөө ч мэдээгүй явсаар 10 аа төгсөхдөө барааг нь ч болов харж чадахгүй холдоно гэхээс сэтгэл зүрх нь шимширч хамгийн үнэтэй зүйлээ алдаж байгаа мэт санагдан сэтгэлдээ зүрхээ урж, нүдээ бүлцийтэл уйлдаг байлаа. Тиймээ. Тулгаа Туяамаагийн анхны хайр нь байлаа.
“Солонгост 6 н жил болоод ноднин ирсэн гэсэн. Ямар болсон бол? Солонгос явсан улсууд их цагаан царайтай, туранхай болсон хүмүүс л ирж байдаг. Би хажууд нь хөдөөний хүүхэн шиг бов бор юм” гэж өөрийгөө голон аль байдгаараа тордлоо. Замаараа нүдний шилний дэлгүүр орж нарны бус энгийн цагаан шил өөртөө авлаа. Учир нь Тулгаад өөрийгөө их ухаалаг, төвшин, намбатай харагдуулах гэж л тэр шүү дээ. Уулзалтанд явах цаг дөхсөөр. Гэртээ ирэн шууд л цагаан өмд пиджакны сонголтоо хийв.Дандаа намхан гутал өмсдөг түүнд өндөр өсгийт хөлд дараатай байсан ч амьхандаа л өндөр гуалиг харагдах гэж тэвчээр заан өмслөө. 12 цаг боллоо. Ангийн даргын байгуулсан компанийн үүдэнд товлосон ёсоороо цугларлаа. Ангийнх нь хөвгүүд машинаас буунгуут сарнай цэцэг бариад л бодсоноос романтик сонирхолтой байлаа.
Нүдээрээ нэг л хүн хайсаар…” Байдаггүй шүү. Арай ирэхгүй юм биш байгаа” гэсэн гуниг нөмөрлөө. Шууд л ганцхан түүнийг асуултай биш ангийнхаа охидоос: “тэр, тэр яагаад ирээгүй юм? дуулсан юм уу?” гэхчилэн өнөөхөө дунд нь асуугаад авлаа. Гэтэл ашгүй “Тулгаа ирж байгаа гэсээн” гэж байна. Сэмхэн ариун цэврийн өрөө ороод уруулаа тодруулж, нүүрнийхээ энгэсэгийг нэмж түрхлээ. Бараг ихэнх нь цуглаж, Тулгаа ч ирлээ. Нэлээд таргалжээ, бас бага зэрэг борлож, үс нь оройгоосоо халзарчээ.


Туяамаагийн зүрх яг л сургуульд байхдаа дурлаж байсан шигээ оволзоод ичингүйрэх, бишүүрхэх зэрэгцсэн ч цаанаа л нэг аз жаргалтай байлаа. Тиймээ түүнийгээ зүгээр харахад л жаргал байсан юм. Харин яагаад ч юм түүнд нөхөр хоёр охин нь хөөрхий санагдсангүй. Буцаад л хүүхэд насандаа очин ганц биеэрээ байгаа юм шиг л байлаа. Тулгаа ангийнхантайгаа мэндэлсээр Туяамаагийн өмнө ирлээ.
– Сайн уу? Туяа… гэж намуухнаар инээмсэглэж, гар барилаа.
-Сайн. Чи сайн уу?.. тэд өөр юм ярьсангүй.
Ангийнхан тэндээсээ гарч рестаронд хоол идэхэд аминдаа л Тулгаатай ойрхон суулаа. Тэр өдөржин Туяамаа жингүйдлийн байдалтай. Цагаан морьтой ханхүү нь ирж сундлаад авч явах гэж байгаа юм шиг догдолсоор л…Амралтанд ирлээ. Агаарт гарсных арын мод руу орж хорхог хийж идэн бас ч үгүй архиар даруулахаа мэдэлгүй дээ. Тулгаа Туяамаад:
– Май энэ өөхгүй бараан юм гэсээр мах хэрчин өгөв. Түүний сэтгэлд нар мандаад сайхан байлаа. Туяамаа бодов. ” Орой хоолны дараа бүжигтэй гэсэн. Би Тулгаатай бүжиглэж бүх сэтгэлээ илчилнээ. Үхсэн яадаг юм. Бид нар социалист нийгмийн үед дэндүү даруулгатай хүмүүжсэний хар гайгаар эмэгтэй хүн эр хүнд түрүүлж сэтгэлээ нээж болохгүй бичигдээгүй хуультай байсан. Гэтэл одооны охидуудыг хар. Таалагдсан хүнийхээ араас гүйсээр байгаад өөрийн болгочихож байна. Ер нь тэгж ганцаараа шаналж уйлж явахаар яагаад -Би чамд хайртай гээд хэлчих зориггүй байсан юм болоо? Сайндаа л эрийн хойноос гүйлээ гэж амьтан муу хэлнэ биз. Бид нар л бие биенээ ойлгож жинхэнэ хайртайгаа учирч байвал хүмүүсийн юу гэх ямар хамаа байнаа. Тэгээд ч Тулгаа надад хандтай байгаа юм чинь. Яанаа нээрээ тэгсэн чинь намайг -Хоёулаа нууц амрагууд болъё гэвэл яанаа”


Туяамаа өөрийнхөө бодлоос ичин сандарч орхилоо. Тэр өдий болтол хоёр охиныхоо эцгээс нэг ч удаа нүүр буруулан урваж байгаагүй ч Тулгаад бол -үгүй гэж хэлмээргүй байгаагаа өөрөө ч мэдэж байлаа. Хэдий хоёулаа тус тусдаа амьдралтай ч тэр анхны хайраа АЛДМААРГҮЙ байсан юм. Орой хоолны өмнө тэдний араас:
-Ажил дуусдаггүй ээ гэсээр ангийн гурав дөрвөн нөхдүүд ирэв. Тэдний дотор 8 р ангиа төгсөөд шилжээд явсан өндөр шар охин Сэлэнгээ ирэв. Энэ үеэс л бүх сайхан төсөөлөл сарнин одов оо…
Сэлэнгээ Тулгаа хоёр 8-р ангид дөрвөн сар үерхсэн юм. Анги төгсөх гээд хаврын орос хэлний шалгалтанд хүүхдүүдийг цагаан толгойн үсгийн дарааллаар найм наймаар нь оруулахад Тулгаа, Туяамаа, Сэлэнгэ гурав хамт орсон юм. Тулгаа Сэлэнгээд толь бичиг дамжуулан өгөхдөө жижигхэн цаасан дээр “Сэлэнгээ чамдаа амжилт хүсье” гэж нямбай гэгч бичсэн байсныг Туяамаа харжээ. Өөрийнх нь хайртай хөвгүүн нь өөр охинд дурласныг мэдэх юутай хэцүү? Дурлалын гурвалжин гэдэг л энэ байх даа. “Яагаад эрэгтэйд нь л сонголт байдаг, эмэгтэй нь зөвхөн хүлээдэг юм бэ?” гэж бачуурдаг байв..
Тулгаа одоо Сэлэнгээд үйлчлээд сүйд майд.
-Даарч байна уу? гээд өөрийнхөө цамцыг нөмөргөөд л, хоол идэхэд нь халбага сэрээг нь барьж гүйгээд л. Сүүлдээ бүүр нөгөө хоёр чинь Тулгаагийн машинд хоёулханаа ороод зөндөө удаан юм яриад суучихлаа. Юу ярьсан юм чөтгөр бүү мэд. Сэлэнгээ машинаас бууж ирээд яг л хатан хаан шиг ” ингэе, тэгье” гэхэд нь Тулгаа “за, одоохон” гээд л бөндөгнөж байхыг нь яана.
Бүжиг боллоо. Тулгаа бэлхүүсээр нь Сэлэнгээ хүзүүгээр нь тас тэвэрчихсэн чихэнд нь юм шивнээд л, инээгээд бүжиглээд, бүжиглээд ч гэж дээ далимдуулаад нялуураад байв.
“Сэлэнгээ одоо ажилтай л байсан юм бол тэр чигтээ ирэхгүй л байна биз, яах гэж хоцрон барин араас ирдэг байнаа” гэж Туяамаа уурсан бодлоо.
Бүжиг тараад нэг том өрөөнд бөөнөөрөө сууцгаан сурагч ахуй насныхаа хөгжилтэй дурсамжийг ярин инээлдэцгээн нэлээн хэдэн шилний бөглөө мултлав. Туяамаа Тулгааг үхтлээ харамлаж байсан ч тэрийгээ гаднаа ил гаргахгүйг хичээн худлаа инээн сууж байв.
Шөнийн 02 цаг өнгөрч байхад Сэлэнгээ гэнэт:


– Уучлаарай манайхаан. Би харихгүй бол болохоо болилоо. Харин яаж явнаа, нөхрөө дууддаг юм билүү? гэхэд Тулгаа:
– Өө би угаасаа өглөө эрт ажилтай. Би чамайг хүргэж өгчихөөд цаашаа харьчихъя гэлээ.
Ангийнхан хэдий тэр хоёрыг явна гэхэд дургүй байсан ч Сэлэнгээ аргагүй шалтаг хэлсээр байгаад тэр хоёр яваад өглөө. Бороо шивэрч эхэллээ. Туяамаа
– Би халууцаад байна, гадаа жаахан суугаад ирье гээд гарлаа. Тув тунгалагхан тэнгэрт түм буман одод ярайж, тэднээс ч олон бороон дуслууд тэртээ дээрээс унасаар байлаа. Гомдох гуниглах зэрэгцэн, хоолой дээр нь юм тээглэн юу юугүй бөглөрөх гэж байгаа юм шиг санагдана.
Одоо түүнд ганган цагаан хослол ердөө ч хайран байсангүй. Амралтын хашаан дахь модны доор суугаад чимээгүйхэн мэгшиж эхэллээ. Бороо улам ширүүссээр. Туяамаа зоргоороо уйлж гарлаа. Тэнгэр, Туяамаа хоёр уралдаж байгаа юм шиг зогсоо чөлөөгүй уйлсаар. Яг л 10-р ангиа төгсөхдөө Тулгаагийн араас нүдээ бүлцийтэл уйлж байсан шигээ байлаа.
-Миний хань ангийнхантайгаа хөгжилтэй сайхан яваад ир дээ гээд үлдсэн эр нөхрөө Туяамаа хэзээ ч санаж байгаагүйгээрээ саналаа. Нулимсаа арчаад, хоолойгоо засаад нөхөр лүүгээ залгалаа. Залгав уу үгүй юу
– Байна. Миний ханиа…Огтхон ч нойрмог биш дуугаар ийн хэлсэн хайрт нөхөр нь зөвхөн Туяамаагаа л залгахыг хүлээж байсан юм.

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага