Эр нь эргүүлж, эм нь эргүүлүүлж байж суудаг хорвоо шүү хө
2018 оны Novemberын 28

Г.Соёлгэрэл
Нутгийн_сайхан_бүсгүй

Зун цаг хэдийнэ ирж, хичээл сургууль амрахад хүн бүр л хэн нэгнээ бараадан хөдөө тийш хүлгийн жолоо залдаг билээ. Намайг эгчийг дагаж нутагт нь ирдэг тэр жил орой бүр бүжиг болдог, тэр нь ч сонирхолтой, эгч бид хоёр ч очих дуртай байсан юм. Би ч гэж дээ, эгчийг бүжгэнд нь тайван явуулахгүй, дандаа хамт явна гэсээр эцэст нь дийлж хамт явдаг байсан юм. Ингээд эгчтэй би хоёр дахь удаагийн бүжгэнд цугтаа явлаа. Би хотын хүн болохоор хөдөөний хүмүүсээс илүү мундаг бүжиглэчих санаатай янз бүр болж амихандаа л их хичээнэ. Гэвч намайг хүүхэд болохоор хэн ч тоож харахгүй, удалгүй би бүжиглэснээсээ болоод эцчихнэ. Энэ удаагийн бүжгэнд цэргээс халагдсан ах нар ирсэн байлаа. Тэдэнтэй үеийн бололтой гурван эгч байсны нэг нь манай Содоо эгээ. Хөдөөгийн охинд гоёдохоор Соддэлгэрэх гэдэг нэрийг нь анх сонсоод их атаархаж билээ.


Ах нар эгчтэй бүжиглэхээр бараг л оочерлох нь халаг юм болно. Тэр дундаа эгчтэй минь хоёр, гурван хүн ээлжилж бүжиглээд байсан тул харуул, харгалзагчийн ажилд толгой мэдэн өөрийгөө томилов. Өөртөө, эгчийг сайн харахгүй бол болохгүй гэсэн даалгавар өглөө. Би зөв боджээ. Цэргээс ирэгсдийн нэг, том биетэй залуу эгчийг маань гадаа гаргахаар чангааж харагдав. Тэрээр бага зэрэг халамцуу байх шиг харагдана. Эгч “Болиоч ээ” гэж хашгирахад ашгүй нэг залуу гарч ирэн мөнөөх халамцуу эртэй маргалдаж байснаа уурласан бололтой, шанаадаад авах нь тэр. Аврагч ах эгчийг татаж мөрөөр нь шахаж тэврэн аргадсаар бүжгийн асар луу ороод явчихлаа. Би хүүхэд болохоор томчуудын маргаанд шууд орчихож зүрхлэхгүй холоос л харж байсан нь тэр.
Энэ өдөр эгч оройтож байгаа ч би нэгэнт дагаж ирсэн тул эгчийг аясхан тэвчээртэй хүлээж байв. Гэвч ах нар нөгөө хоёр эгчээс илүү манай эгчийг улам сонирхож байгааг удалгүй анзаарлаа. Би “Манай эгч тийм хөөрхөн гэж үү” хэмээн төвөгшөөн бодож суув. Содоо, Содоо гээд хүн болгон эгчид маань сайн байгаа нь илт. Өнөөдрийн бүжиг эгчийн хувьд сайхан өнгөрч байгаа бололтой, намайг бараг л мартаж орхисон шиг бодогдоно. Хэдий хэр оройтсоныг бүү мэд, удаж сунжирсаар бүжиг арай гэж нэг юм дуусав. Энэ хооронд ах нар хоорондоо хэд хэд маргалдсаныг сүүлдээ нойрондоо дийлдээд бүдэг бадаг л санаж байсан. Тэнд ямар маргаан өрнөснийг бүү мэд, тэгэхэд би бараг суугаагаараа унтаж байсан биз ээ.
Өглөө болоход эгч нулимс дуслуулан том ахдаа загнуулж байв. Эгчийн аав, ээж хоёр багад нь өнгөрсөн болохоор эгээ маань том ах, эгч нартайгаа хамт амьдардаг байлаа. Жийжээ ах
– Эр нь эргүүлж, эм нь эргүүлүүлж байж суудаг хорвоо шүү хө. Хэн нэг нь ирж гуйтал тэвчээд сууж байж чадахгүй юу чи. Дахиж хүндээ хөнгөнөөс өгөөд, өөрөө эр эргүүлж алга болов оо чи гээд эгчийг уйлуулж орхилоо. Би ч тэвчилгүй өмөөрөн, сандарсандаа
– Эгч хүн эргүүлээгүй. Тэр ах нар харин эгчийг эргүүлдээд байсан гэвэл ах намайг өхөөрдөн инээсэн боловч эгч рүү эргэн дахин


– Тэр хөөе, хүүхэд хүртэл хөлдөө чирээд муу золигийг хуухай гээд бөгшүүлсээр гарч одов.
Маргааш нь эгч хуучин муу дээлээ тайлан, шинэ торгон дээл гаргаж өмсөөд үсээ байн байн гөлчийтөл илж, хэн нэгнийг битүүхэн хүлээн харуулдсаар санаашран өнжсөн юм. Дараа өдөр нь ч мөн адил, ийнхүү хоёр хоног хэн нэгнийг харуулдсан ч эгч дээр хэн ч ирсэнгүй. Гэвч дараа өдөр нь хэдийгээр эгчийн хүлээсэн хүн биш ч гэлээ нутгийн өөр нэгэн ах эгчтэй уулзахаар ирсэн юм. Эгч тэр ахад ер нүүр өгөх янзгүй, сэлбэлзээд холуур тойрч гүйгээд, үг ч солихгүй байхаар нь асуувал өнөөх халамцуудаа татаж чангаагаад, бүдүүлэг загнасан нөхөр гэдгийг мэдээд би ч бас царай өгөхгүй байхаар шийдлээ.
Гэтэл удсангүй тэр ах намайг даллан дуудахад нь би дургүйлхэж байснаа мартаад гүйгээд оччихлоо. Ах надад тал засан инээд алдаж
– Миний дүү хотоос ирсэн гэв үү. Хотын охид хөөрхөн гэсэн үнэн байна шүү. Хотын охид бүгдээрээ чам шиг ийм хөөрхөн үү? гэхэд нь би хөөрч
– Үгүй ээ, зарим нь л тийм гэвэл ах агдаганан инээж “Эгдүүтэй юм аа” гэснээ дуугаа намсган дөхөж ирээд
– Миний дүү эгчдээ энэ захиаг яг гарт нь дамжуулаад өгөөч. Тэгвэл ах нь шагнана шүү гэлээ. Миний хорхой хөдөлж “Юугаар?“ хэмээн лавлавал, ах бодолхийлснээ
– Нээрээ тийм, би чамд морь унахыг зааж өгнө шүү гэв.
Ингээд тохиролцсоны дагуу би эгчийн гарт захиаг атгуулсан юм. Эгч намайг танихгүй хүнтэй юм яриад, дуулгавар муутай хэмээн зэмлээд захиаг дурамжхан авсан ч дор нь задлаад уншчихав. Эгч захиагаа хэд хэд уншиж байхад харин би морь унахыг заалгах тухай бодож суулаа. Тэр ах явахдаа бас нэгэн даалгавар надад өгсөн нь “Эгчээсээ хариуг нь заавал аваад ахдаа өгөөрэй” гэсэн байв. Би эгчийн уншиж дуусахыг хүлээж байгаад захиагаа нугалаад дээлийнхээ энгэрт хийх мөчид нь “Эгч ээ, хариугаа хурдан бичээд өг” гэж шавдууллаа. Гэвч эгч над руу удаан гэгч нь нүд цавчилгүй хэсэг ширтэж зогссоноо огцом гэгч нь “Эгээ нь хэзээ ч хариу бичихгүй ээ, би өөр хүнд хайртай” гэж хэлээд хариу өгөлгүй гэдийж орхив. Ингээд би болзоот хоногтоо хариуг нь авч дөнгөлгүй, морь унахыг ч заалгаж чадалгүй хоцорлоо.
Би ч энэ бүхнийг мартагнан, хэдэн өдөр өнгөрч байтал эгч нэг өдөр “Урд дөрөлж дээр гаръя” гэхэд нь хэдэн өдөр дотроо шаналсан эгчдээ хань болон цуг явлаа. Эгч тэртээ цаана байгаа хот айл руу харан хэсэг гуниглаж сууснаа миний мөрийг түшээд нулимс нь мэлтгэнэн хэнгэнэтэл уйлсан сан. Тэгэхэд би нутгийнхаа ийм хөөрхөн охиныг гомдоосон тэр ахад эгч шигээ бас гомдож суулаа. Эгчийн битүүхэн хүлээсэн ах зуны сүүл сарын битүүнд өөр хүүхэнтэй хуримлах болсон тухай тайтгарсан хойноо надад хэлсэн юм.


Хэд хоногийн дараа эгч надтай цуг хот руу буцах болж, тогоочийн сургалтанд төгссөн тул очиж ажил хийхээр шийдсэнээ дуулгалаа. Бид хоёрын явах унаа ирэхэд захиа өгдөг ах мэдсэн бололтой хэдийнэ ирчихсэн эгчийг үдэж өглөө. Тэрээр “Сайн яваарай” гээд даллаж байснаа машин зугуухан хөдлөөд явах тэр агшинд “Содоо, би чамайг хүлээнэ ээ” гэж чанга хэлэхэд харин эгч минь чавга шиг улайчихсан, цуг яваа улсаас ичсэн бололтой хоёр гараараа алчуураа базлан, доош харан суусаар байлаа…
Гэвч машин нэлээд холдон, уулын бэлээр ороох агшинд эгч машиныг зогсоож буугаад “Сайн яваарай” гээд хацар дээр минь зөөлөн үнсэж билээ. Ингээд эгч минь нутагтаа үлдэхээр шийдэж, машин далд ортол намайг далласаар хоцорсон юм даа.

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага