Алуурчны гарт амиа алдсан 13-хан настай балчирхан охины дурсгалд
2018 оны Novemberын 29

Алуурчны гарт амиа алдсан 13-хан настай балчирхан охины дурсгалд …

Зүүд.
/Хүүхдийн өгүүллэг/

Халиунаа охин маш удаан унтав. Аавыгаа ээжийгээ бас эмч нарыг хүртэл бүгдийг айлгаж маш удаан унтав.
Миний охин сэргээч ээ гэж уйлан гуйсан ээжийнхээ үгийг огт сонсоогүй мэт унтаад л байлаа.
Гэвч Халиунаа зүв зүгээр унтаагүй бөгөөд бурхадын дунд хөгжим тоглон зүүдэлж байв.
-Эмчээ та охиныг минь сэрээгээд өгөөч дээ. Миний охин зүгээр л унтаж байгаа биз дээ. Та тийм гээд хэлээд өгөөч дээ гэсээр эмч бүсгүйн богинохон засалттай хүрэн үсний боолтыг тайлагдтал сэгсчих охины аавыг сувилагч бүсгүйчүүд арайхийн салгаж, эхнэрийнх нь хажууд суулгаад
-Та нас намбатай хүн байж яасан овилгогүй зантай юм.
Манайх амралтын газар биш эмнэлэг. Тэр дундаа сэхээн амьдруулах, яаралтай тусламжийн тасаг. Энд танай охиноос огтын ялгаагүй маш олон хүн үхэл амьдралын зааг дээр загасчны дэгээнд гохдуулсан жараахай шиг сарвалзаж, эмчийн чагнуур эмийн тунд амь зүүгдэн чаргуулдаж байна. Та охиныхоо амь амьдралыг эмчээс нэхэж байгаа шиг олон олон аавууд, олон олон ээжүүд бас л эмчээс аврал гуйн залбирч байна. Эмчилгээний дундуур хүндрэл гарах тоолон тань шиг муйхар эрчүүл хөл дээрээ ч зогсох тэнхээгүй ядарсан эмчид маань бухимдлаа гаргаад байвал бусад өвчтнийг хэн эмчлэх юм гэж тас загнах үед, Халиунаа охин бас л зүүдэлж байлаа.
Өнгө өнгийн хивс дэвсчихсэн юм шиг нил ягаан, гал улаан, номин цэнхэр, оюу ногоон, цасан цагаан, алтан шаргал цэцэгс нүд булаам алагласан цэцэрлэгт хүрээлэнгийн дунд жижигхэн ятга хөгжмөөр уянгын аяз тоглож байгаа охины эргэн тойрон гоёмсог даашинзтай охид бүсгүйчүүд инээмсэглэн сууцгаах аж.
Охин хөгжмөө тоглон жаахан охид эргэлдэн эргэлдэн бүжиглэхэд Халиунаа нисэх мэт аз жаргалаар жигүүрлэн байв…
-Уучлаарай эмчээ. Манай нөхөр айсандаа таныг гэмтээчих шахлаа гэсэн эхнэрийнхээ дэргэд бүрх малгайгаа хумин атгаж, тас мушгиж суугаа тэр эр яг юу болоод байгааг ухаарч ядан байх шиг дүйнгэтсэн улаан нүдээр шал ширтэн уруулаа хэгзэртэл хэмлэн байлаа.
-Эмчээ түргэлээрэй. Даралт нь унаад байна гэсэн залуухан сувилагчийн сандрангуй дуугаар ухасхийн гүйсэн эмчийн араас дэрхийн боссон хүмүүс эмнэлэгийн хаалган дээр уралдан гүйж очив.
Гэвч алхаж үл болох шилэн хаалганы цаана нэг ч гэсэн алтан амийг аврахаар нойр хоолоо умартан, тамираа барагдаж, ухаанаа ширгэтэл ноцолдох эмч сувилагчдын агадан гүйлдэх дүрс жирэлзэн харагдаад өнгөрөх ажээ.
…Хөгжмийн чавхдас дээгүүр үегүй мэт гүйх савхан хуруунуудыг бахархангуй ширтэх гоо бүсгүйчүүдийн дундаас хэн нэгнийг хайгаад байгаагаа охин өөрөө анзаараад байв.
-Өө би ээжийгээ хайгаад байгаа юм байна. Миний яагаад алга байгаа юм бэ гэж хэн нэгнээс асуумаар байвч, хөгжмийн аялгууг тасалж болохгүй гэж бодно. Гэхдээ миний ээж гэж хэн билээ гэсэн бас нэгэн үл тайлагдам асуулт бодолд нь ургаад байгааг охины хөгжмийн аялгуу бусдын зүрхэнд шивнээд байх тул бурхадын гүнж гоё бүсгүйчүүд бүгд уяран мэгшиж эхлэв.
-Борхон тойрмын захад
Бяцхан хөөрхөн ботго
Байн байн буйлна аа
Бөн бөн тэшнэ дээ тэшнэ дээ хэмээн дуулж, үзэгчид алга ташин байсныг охин гэнэт саналаа.
Миний ээж тэнд байсан шүү дээ. Ээж минь уйлаад л алга ташаад байсан. Гоёлд өмсдөг ганц торгон дээлийнх нь ханцуй нугалаасаараа сэмэрчихсэн байсан. Би ээждээ шинэ дээл оёх гоё торго авч өгөхийг хүсч байгаагаа хэлэхэд нүүрэн дээр зөндөө олон гэрлүүд гялалзаад байсан гэж бодоход, өөрийг нь тэвчишгүй өвтгөсөн нөгөө ахын царай гэнэт харагдаж охин айсандаа хөгжмийнхөө чавхдасыг тас татчихав.


-Эмчээ нөгөө охины пульс уналаа гэхийг хальт сонссон эмч сандран гүйж очоод, яаралтай тусламжийн тариа залгаж, цээжинд нь цахилгаан гүйдлээр цочроо өгөв.
-Чамайг зурагтаар ярихыг сонссон. Чи ээждээ шинэ дээл авч өгөхийг мөрөөддөг гэл үү. Ах нь энэ буудалд хононо. Чи ахдаа нөгөө дуугаа ганц дуулж өгөөд ээждээ шинэ дээл авах мөнгө авмаар байна уу гэсэн тэр хүний төрх харагдахад охин айсандаа нүдээ анив.
-Байн байн буйлна аа
Бөн бөн тэшнэ дээ гэсэн бурхадын гүнж сахиусан тэнгэрүүд дуулахад сая л охин нүдээ нээв.
Гэтэл ижий нь наранд түлэгдсэн цээжээ задгайлж, хөлс нь цувсан сэвхтэй царайндаа инээмсэглэл тодруулан
-Миний охин ижийдээ ирээрэй. Мөөмөө хөхөөрэй гэсээр даллаж байхыг хартал өөр нэг охин ятга хөгжмөөр нь бас нэг аялгуу тоглоод байлаа.
-Уучлаарай бид чадах бүхий л эмчилгээгээ хийлээ. Гэвч бид охиныг аварч чадахгүй нь ээ. Та нар цувраад орцгоож болно гэхэд, лам гурван эрдэнэ, тэнгэр бурхнаас залбиран гуйж суусан Халиунаагийн ээж ухасхийн гүйв.

Хоёр мөөмөө гаргасан ижий нь
-Хурай хурай миний охин хурай.
Хөхөж өссөн мөөмөөр тань даллая гээд уйлан хайлан залбиран хурайлна.
Олон гоо хатагтай нарын дунд хуучирсан хүрэн даавуун дээлтэй хөлс нь цувсан ижий нь хагас хугас үзэгдээд байхад өөрийн мэдэлгүй
-Ээжээ миний ээжээ гэсээр арайхийн ухаан орлоо.

Соёрхын Пүрэвсүрэн.
2018.11.23

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага