Хурандаа Б.Эрхэмбаяр: ЦЭРГИЙН ДҮРЭМТ ХУВЦСАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА ЯНЗ БҮР
2018 оны Novemberын 30

 

Цэргийн дүрэмт хувцасны хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын хандлагын талаар БХЯ-ны харьяа “Бөртэ” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, хурандаа Б.Эрхэмбаяртай ярилцлаа.

Цэргийн дүрэмт хувцас, цол, ялгах тэмдгийн загварыг хэрхэн баталж, мөрдөж ирсэн талаар сонирхож, энэхүү ярилцлагаа эхлэе.
-1993 оноос өмнө “Цэргийн дүрэмт хувцас, цол, ялгах тэмдгийн загвар”-ыг БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн зарлигаар баталдаг байсан. Монгол Улсын Их хурлаас 1993 онд батлагдсан “Батлан хамгаалах тухай хууль”-иар цэргийн дүрэмт хувцас, цол, ялгах тэмдгийг батлахыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамааруулсан. Энэхүү хуулийн холбогдох заалтын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди 1998 онд “Цэргийн дүрэмт хувцас, цол, ялгах тэмдгийн загвар батлах тухай” 180 дугаар зарлигийг гаргажээ. Өдгөө “Зэвсэгт хүчний тухай хууль”-ийн холбогдох заалтын дагуу “Цэргийн дүрэмт хувцас, цол, ялгах тэмдгийн загварыг батлах тухай” асуудлыг Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамааруулсан. Ийнхүү анхны зарлиг гаргаснаас хойших хугацаанд цэргийн дүрэмт хувцас, цол, ялгах тэмдгийн загварт хэд хэдэн удаа хэсэгчилсэн нэмэлт, өөрчлөлт оруулсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулгаас цэргийн дүрэмт хувцасны загварт зарим өөрчлөлт, нэмэлт оруулах талаар үүрэг өгсөн. Энэ талаар ямар ажил хийж байна вэ? 
-Тиймээ. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчаас цэргийн дүрэмт хувцсанд зарим өөрчлөлт, сайжруулалт хийх талаар үүрэг өгсөн. Энэхүү үүргийг биелүүлэхтэй холбогдуулан цэргийн зарим дүрэмт хувцас, хэрэглэлийн хийц загвар, өнгө зэрэгт өөрчлөлт оруулах талаар тус үйлдвэр ЗХЖШ-тай хамтран санал боловсруулан, шинэчилсэн загварыг Батлан хамгаалахын сайдын зөвлөл болон Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулахаар бэлтгэж байна. Бид энэ дүрэмт хувцсыг 20 жил хэрэглэж байна. Орчин үеийн цэргийн дүрэмт хувцасны хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн өөрчлөх шаардлага байгаа. Шинэ загваруудын төслийг гаргахдаа цэргийн алба хаагчдаас ирүүлсэн санал, хүсэлт, шүүмжлэл болон гадаад улсын цэргийн дүрэмт хувцсуудад нэлээдгүй судалгаа, шинжилгээ хийсэн. Жишээ нь албаны саравчтай малгайг хөнгөн, овор хэмжээ багатай, агаар нэвтрүүлэх чадварыг сайжруулах үүднээс малгайн дотор болон хүрээг торон материалаар хийсэн. Хээрийн зуны хүрэм, хээрийн болон өвлийн хүрмүүдийг 5-10 см-ээр урт болгож, мөрдэсийг энгэр дээр байрлуулсан. Хээрийн өмднүүдийн шуумаг болон өвдөгний арын хэсэгт резинэн оруулга хийж өгсөн. Хэрэглээний шаардлагад тэр бүр нийцдэггүй өвлийн хувцасны өмдний загварыг өөрчилсөн. Шинэ загваруудад албаны хувцсан дээр өмсөх майхан малгай, албаны хүрэм, саан зүүлт, албаны урт болон богино ханцуйтай цамц, зангианы хавчаар зэрэг орж байгаа юм.
Цэргийн дүрэмт хувцасны бэлтгэн нийлүүлэлтийг заавал тендер шалгаруулалтаар шийдэх ёстой юу?
-Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдын цэргийн дүрэмт хувцасны загварын патентын эрхийг “Бөртэ” ТӨҮГ эзэмшдэг. “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.2-т “Оюуны өмчийн эрхийг хамгаалах шаардлагаар гэрээг зөвхөн нэг этгээдтэй байгуулах боломжтой бөгөөд түүнийг орлох этгээд байхгүй бол” гэсэн заалтаар захиалагч байгууллагууд манай үйлдвэртэй гэрээг шууд байгуулах хууль, эрх зүйн үндэслэл нь байгаа юм. Захиалагч байгууллагууд цэргийн дүрэмт хувцсыг тендер шалгаруулалтаар бэлтгэн нийлүүлснээс болж дүрэмт хувцасны өнгө, чанар байдал шаардлагад нийцэхгүй байгааг хүлээн зөвшөөрөх болсон.
Захиалагч байгууллагуудын тендерт шалгарсан аж ахуйн нэгжүүд нь зах зээлээс үнэ хямд, боломжийн байх болов уу гэсэн даавуун материалыг сонгоход хүрдэг. Ийм байдлаас үүдэн тухайн материалын бүтцийн найрлага, шинж чанарыг мэдэхэд хүндрэлтэй буюу янз бүрийн өнгө, орц найрлагатай шаардлага хангахгүй даавуу хэрэглэж байна.
Манай улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдын дүрэмт хувцасны материалыг хэрхэн ханган нийлүүлдэг вэ? 
-Өнгөрсөн зууны 90-ээд он хүртэл манай цэргийн дүрэмт хувцасны материал нь тухайн үеийн зөвлөлтийн цэргийн дүрэмт хувцасны материалтай адил байсан. Манай захиалгын дагуу Зөвлөлтийн холбогдох хангамжийн байгууллагаас нийлүүлдэг байжээ. 1998 онд “Цэргийн дүрэмт хувцас, цол, ялгах тэмдгийн загвар батлах тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн 180 дугаар зарлиг гарснаас хойш цэргийн дүрэмт хувцасны материалыг өөрсдөө шийдвэрлэх болсон. Хамгийн гол хүндрэлтэй асуудал нь цэргийн дүрэмт хувцасны шаардлагыг хангахуйц материалыг дотооддоо үйлдвэрлэх материал-техникийн бааз байхгүй байна. Дүрэмт хувцасны үндсэн болон туслах материалын чанар байдлыг дээшлүүлэх, шаардлагад нийцэхүйц материалыг бэлтгэн нийлүүлдэг туршлагыг судлах зорилгоор энэ оны есдүгээр сард БНХАУ-ын Шанхай хотод болсон олон улсын даавуун материал үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн үзэсгэлэн, яармагт манай үйлдвэр болон ЗХЖШ-ын төлөөлөл оролцсон юм. Энэ үеэр даавуу үйлдвэрлэгч 60 гаруй аж ахуйн нэгжтэй холбоо тогтоож, хамтран ажиллахаар болсон. Цаашид дүрэмт хувцасны материалын нийлүүлэлтэд ахиц гарна үзэж байна.
Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид энхийг дэмжих ажиллагаанд оролцоод нэлээд хугацаа өнгөрлөө. Тэдний зүгээс цэргийн дүрэмт хувцасны зохицол, эдэлгээний талаар санал шүүмж гардаг болов уу?
-Манай цэргийн алба хаагчдын энхийг сахиулах болон олон улсын ажиллагаанд оролцож байгаа газар нутаг нь голдуу халуун дулаан уур амьсгалтай орнууд байгаа. Тиймээс зарим хувцас хөлс шингээдэггүй, хөдөлгөөнийг хязгаарладаг, амархан ганддаг гэх мэт санал шүүмж ирүүлсэн байдаг юм. Ер нь одоогийн мөрдөгдөж байгаа цэргийн дүрэмт хувцасны эдэлгээ, хийц загварыг цаашид сайжруулан өөрчлөх талаар цэргийн алба хаагчдаас ирүүлсэн санал шүүмжийг судлан үзэж, дээр дурдсан шинээр боловсруулж байгаа төсөлд харгалзан үзнэ.
Цэргийн албаны нөхцөл хүнд учраас цэргийн дүрэмт хувцас, эд хэрэглэлд нарийн шаардлага тавигддаг байх…
-Цэргийн дүрэмт хувцсанд тавигдах шаардлага гэдгийг тодорхой хугацааны турш зориулалтаар нь хэрэглэх боломжийг хангахуйц нөхцөл, онцлог гэж ойлгодог юм. Уг шаардлагыг эрүүл ахуйн, тактик-техникийн ба гоо зүйн гэж ангилдаг. Тэдгээр нь цэргийн дүрэмт хувцсанд янз бүр байдаг. Жишээлбэл, өвлийн хувцас гэхэд голдуу бат бөх, хүйтнээс хамгаалах, дотуур хувцас гэхэд хүний биеэс ялгарах дулааныг хадгалах, шингээх ба гадагшлуулах ёстой юм. Тавигдсан шаардлагын дагуу хийсэн цэргийн дүрэмт хувцасны эдэлгээ хэд хэдэн хүчин зүйлээс, тухайлбал, уг хувцсыг хэрэглэх нөхцөл, материалын шинж, хувцасны хийц, тусгайлсан боловсруулалт зэргээс хамаардаг юм.
Эрүүл ахуйн шаардлага нь хүрээлэн буй орчны хүчин зүйлийн тааламжгүй үйлчлэлээс хүний биеийг хамгаалах, түүнчлэн хувцасны доорх орон зайд бичил уур амьсгал бий болгож, улмаар организмын хэвийн ажиллагааг хангадаг байна. Эрүүл ахуйн шаардлагын чухал шинж нь дулаан дамжуулдаг, агаар нэвтрүүлдэг ба чийг татдаггүй байх, амархан хиртэхгүй байх, ус нэвтрүүлдэггүй байх зэрэг онцлогтой.
Тактик-техникийн шаардлага нь биед өмсөхөд тохиромжтой байдал, цэргийн алба хаагчдад үзүүлэх янз бүрийн хөнөөлийн хүчин зүйлийн сөрөг нөлөөллөөс хамгаалах, хөнгөн, далдлалтын шинжтэй байх, эдэлгээ сайтай байх зэргийг дурдаж болно. Гоо зүйн шаардлага нь хувцасны хэлбэр, хийц, гаднах үзэмж зэрэг онцлогийг илэрхийлдэг юм.
Цэргийн дүрэмт хувцасыг цэргийн алба хаагчийнагсамжийн нэг элемент гэж үзэх хандлагын талаар…
-Тиймээ. Цэргийн дүрэмт хувцас нь цэргийн байлдах чадварыг тодорхойлох нэг хүчин зүйл болж байна. Хээрийн хувцас нь цэргийн алба хаагчийн байлдааны агсамжийн үндэс болж байна. Орчин үеийн нөхцөлд цэргийн агсамжийн үүрэг улам өсч байна. Өөрөөр хэлбэл, цэргийн дүрэмт хувцсыг орчин үеийн цэргийн алба хаагчийн байлдааны агсамжийн нэгдсэн системийн нэг элемент болгон хувиргаж байна.
Энэ талаар оросын жишээг дурдаж болох юм. Олон жилийн судалгаа шинжилгээ, туршилт зохион бүтээх ажлын үр дүнгээр 2013 онд шинжлэх ухааны хэд хэдэн ололт амжилтыг хэрэглэсэн цаг уурын ямар ч нөхцөлд өмсөх боломжтой хээрийн хувцасны шинэ загварыг баталж, Зэвсэгт хүчнийхээ хангалтад оруулсан юм. 2015 онд “Ратник” байлдааны агсамжийг зэвсэглэлд нэвтрүүлсэн юм. Уг бүтээгдэхүүний боловсруулалтад оросын цэргийн аж үйлдвэрийн судалгаа шинжилгээ, туршилт зохион бүтээх ажлын олон байгууллага, тухайлбал “Цнииточмаш”, “Спецтехника и связь”, “Цнии”, “Циклон”», “Спецматериалы” зэрэг оролцсон байна.
Одоо ч байлдааны агсамж, түүний нэг элемент болох дүрэмт хувцсыг боловсронгуй болгох талаар судалгаа шинжилгээ, туршилт зохион бүтээх ажлыг эрчимтэй хийсээр байна. Энэхүү судалгааны ажлын үндсэн шалгуур нь орчин үеийн дайн явуулах онцлогийг харгалзан үзэх явдал болж байна. Зарим хөгжингүй улс орнуудад 10-20 жилийн дараа хэрэглэх дүрэмт хувцасны загвар зохион бүтээх, материалын талаар судалгаа, шинжилгээ, туршилт хийгдэж байна.
Цэргийн дүрэмт хувцасны цаашдын хөгжлийн хандлагын талаар та ямар бодолтой байдаг вэ? 
-Дэлхийн тэргүүлэх улс орнуудын армид цэргийн дүрэмт хувцасны загварыг цэргийн алба хаагчийн агсамжийн нэг элемент болгон хөгжүүлж, нэвтрүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Манай улсын Зэвсэгт хүчин үндсэндээ 1990 оноос хойш цэргийн дүрэмт хувцасны загвар, материалын чанар байдал, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох мэргэжлийн баг, алба нэгжгүйгээр ажиллаж ирсэн буюу 1-2 мэргэжилтэнд уг үүргийг хариуцуулж байна. Иймээс цэргийн дүрэмт хувцасны материал, загварын талаар судалгаа шинжилгээ, туршилт хийх, зохион бүтээх ажлыг зохицуулах үүрэг бүхий алба /орон тооны/-ыг байгуулан ажиллуулах нь зүйтэй гэж үзэж байна.
Ярилцсанд баярлалаа.
Ярилцсан Б.ОТГОНБАЯР

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага