М.Билэгт: Ерөнхий сайдад бүхнийг шийдэх эр зориг байгаа ч эв зүйг нь олох ухаан дутаж байна
2018 оны Decemberын 4

Зарим гишүүд Засгийн газраа унагая, зарим нь УИХ-ын даргаа огцруулна гээд эрх баригч намын 64 гишүүн хоёр хуваагдчихаад байгаа юм. Үүссэн нөхцөл байдлын талаар УИХ-ын гишүүн М.Билэгттэй ярилцлаа.

МАН урд олон жил төрийн эрх барьсан. Гэвч өнөөдрийнх шиг ийм хүнд нөхцөл байдал үүсч байгаагүй. Та чухамдаа Засгийн газрыг огцрох ёстой гэж үзсэн 27 гишүүний нэг байна. Ямар учраас ингэж шийдэв.

2016 оны сонгуулиар ард түмэн улс орноо хөгжүүлээрэй, эдийн засгаа сайжруулаарай хэмээн итгэж МАН-д төр жолоодох, эрх өгсөн. Харамсалтай нь бид тэр итгэлийг аль эрт алдчихлаа. Ний нуугүй хэлэхэд ёс зүйгүй, соёлгүй улс төрчдийн увайгүй үйлдэл ажлаа хийж байгаа, ард иргэдийнхээ төлөө явж, хэрэгтэй чухал хууль батлуулах гэж зүтгэж, хөөцөлдөж байгаа мань мэтийн гэм хоргүй гишүүдээ хөлдөө чирж байна. Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт гүйцэтгэх засаглалд шахалт үзүүлэх, хоёрдугаарт ёс зүйгүй сайд нарт  хариуцлага тооцох асуудал юм. ЖДҮ-гийн асуудалд нэр холбогдсон хоёр сайдаа өмөөрөөд байгаа У.Хүрэлсүх даргад итгэж байсан ард түмний итгэл ч бас цөхөрч байна шүү дээ. Үүнийг бодох ёстой. Хаана байна нөгөө “Миний байгуулсан Засгийн газраас хууль бус зүйл хий гэж битгий шаардаарай. Амь насаа алдахаас айхгүй. Ард түмний итгэлийг алдахаас айж байна” хэмээн чанга дуугаар орилж, сүрийг үзүүлж байсан хүн.

Ярьсан шигээ хүн биш байна гэж үү?

Энэ хүнд эр зориг байна. Түүнийг нь үнэлдэг. Гэхдээ хэн нэгнийг буруутгаад, улайраад байгаа нь тийм ч зөв хувилбар биш юм. Одоо бодит нөхцөл байдалд дүгнэлт хийхэд Ерөнхий сайд ч тэр, МАН ч тэр иргэдийн итгэлийг бүрэн алдчихлаа. Үнэхээр л шударга юм бол танхимынхаа сайд нарыг чөлөөлчих хэрэгтэй. ЖДҮ-гээс зээл авсан нь илэрчихээд байгаа Засгийн газрын гишүүд юу ч болоогүй юм шиг явж, улмаар хууль хэлэлцэх, батлах чухал үүргээ гүйцэтгэж чадахгүй, сайдын суудалдаа шигдээд байгаад л ард иргэд дургүйцэж байна. Энэ хүмүүс хөдөө багийн дарга хийж байгаа наймдугаар ангийн боловсролтой хүнээс долоон дор ёс зүйгүй байна. Тэр хүн бусдынхаа итгэлийг дааж, сум хөгжүүлэх сангийн мөнгөнөөс хумслах гэсэн ИТХ-ын даргатайгаа зөрчилдсөөр байгаад хууль бус үйлдлийг нь таслан зогсоосон байна. Энэ бол ёс зүй. Энэ бол төрөө хүндлэх, төрөө дээдлэх, тангараг өргөсөн хүний хийдэг ажил. Засгийн газар сумын багийн даргаас ч доор болтлоо муудчихсан нь бидний туулсан 28 жилийн алдаа. Муу муухайг нуудаг, хаацайлдаг, төрөөс баяждаг байсан хүмүүсийн үнэн төрд У.Хүрэлсүх Ерөнхий сайдын Засгийн газраар дуусгавар болох ёстой.

Нийгмийн анхаарал М.Энхболд, У.Хүрэлсүх гэдэг хоёр хүн дээр тод тусчихаад байна. Төрийг удирдаж байгаа эрхмүүд ингэж талцаж тоглох нь утгагүй юм. Гэтэл бензин, доллар гээд зах зээлд дайн зарлачихаад байгаа гол асуудлаа орхиод байна шүү дээ?

УИХ-ын даргын асуудал хуулийн дагуу шийдэгдэх ёстой. Өмөөрч байгаа юм биш. Ерөнхий сайд шахсанаар УИХ-ын дарга нь огцроод байх юм ямар юмных нь парламентын засаглал, ямар юмных нь ардчилал тогтох вэ дээ. Хоёрдугаарт Ерөнхий сайдыг энэ их хурал томилсон учраас огцруулах ч эрхтэй. Ерөнхий сайд нь хууль тогтоох дээд байгууллагадаа халддаг, тэргүүнийг нь чөлөөлдөг ийм тогтолцоо байхгүй. М.Энхболд гэдэг хүн гэмт хэрэг хийсэн нь өнөөдөр хууль шүүхийн байгууллагаар нотлогдоогүй. Ингэхээр УИХ-ын дарга огцрох ёсгүй. Төрийн бодлого ганц нэг хүний сэтгэл хөдлөл, хөөрлөөр шийддэг байж таарахгүй. У.Хүрэлсүх Ерөнхий сайд зоригтой. Дайчин. Түүнийг ийм зан чанар нь чимдэг. Шударга ёсыг тогтооно гэсэн түүний хэлсэн үгэнд би итгэдэг. Харин энэ хүн эр зоригоор бүхнийг шийдэх гэж зүтгэж байгаа нь алдаа. Эв нэгдэл, ойлголцол гэдэг бол ямар ч асуудлын гарц гаргалгаа гэдгийг бизнес эрхэлж байсан хүний хувьд би сайн мэднэ. Ерөнхий сайд, намын дарга гэсэн давхар цохилтоор хууль тогтоох байгууллагад халдаж дийлэхгүй. Хууль хүчтэй шүү дээ.

Энэ янзаараа эвлэрч ойлголцож чадахгүй юм биш үү?

Эр улсуудад аль муудалцаж, ойлголцохыг тэр гэхэв. Хариуцлагыг нам дээрээ яриад, УИХ –нь ажлаа хиймээр байна. Намын даргад намынхаа гишүүдэд хариуцлага тооцох бүх эрх мэдэл нь байгаа. Гэхдээ энэ парламент бол нам биш. УИХ-ын даргад бол хууль тогтоохоос өөр эрх мэдэл байхгүй. Өөрийн харьяа газрынхаа дарга нартай хариуцлага тооцоод л явж байна. Улс төрийн асуудал нь яваандаа өөр хоорондын тэмцэл болж хувирвал энэ хоёр эрх мэдэлтэй хүнээс болж ард түмэн жинхэнэ утгаараа хохирно. Эрх биш ард түмнээ бодоод учир зүйгээ олох байх гэж хүлээж байна.

Зарим гишүүд чуулганы хуралдаанд суухгүй гээд улс төрийн акц, бойкот зарлачихлаа шүү дээ?

Би таны өснөөс хэрэгтэй хуулийг чинь баталж өгнө. Таныг итгэлийг, дуу хоолойг би УИХ-д төлөөлье гэж сонгогчдын итгэлийг авч гарч ирсэн тэр хүмүүс тангаргаасаа няцаж байна л гэж ойлгож байна. Иргэдээ л хохироож байгаа нь тэр. Ингэж байхын оронд хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт, малчдын дэмжих, орон нутгаа хөгжүүлэхэд нэн шаардлагатай хууль санаачлаад өргөн барих хэрэгтэй. Гэхдээ хувь хүний үзэл бодлыг таашгүй. Лав гоё харагдахгүй, зөв гэж хөдөө иргэдэд бодогдохгүй байх. Засгийн газрыг ажлыг нь хий гэж шахах эрх УИХ-ын гишүүн бидэнд бий. Болохгүй, чадахгүй бол огцруулах л ёстой. Энэ Засгийн газрын хувь заяа хаашаа ч эргэж мэднэ. Огцорлоо гэхэд ажлыг нь цааш үргэлжлүүлээд явах боломжтой хоёр гурван сайд байна.

Тухайлбал…? Хэрэв огцруулах гэж байгаа юм бол бүрэн бүрэлдэхүүнээр нь сольсон нь дээр юм биш үү?

Яагаад бүгдийг нь солино гэж. Намайг хүмүүс сайд болох нь гэж ярьж, шуугиж байна. Би Баянхонгорын иргэд, малчдад хэрэгтэй хууль батлуулж өгөх нь ёстой хүн. Тэглээ ч энэ олон хууль, их ажлын хажуугаар надад сайд хийх зав олдохгүй. Би сайд болоход тэнцэхгүй. Зүгээр үгээ хэлээд хуулиа батлуулсан дээр. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн нарыг ажлыг нь үргэлжлүүлээд хийлгэвэл зөв байх гэж хувьдаа боддог. Эмэгтэй хүн учраас эрүүл мэндийн салбарыг овоо сайн удирдаж байна. Жил гаруй болчиход салбар нь ч гарт нь  орчихсон байна. Өмнөх УИХ-д гишүүн байхдаа ч Эрүүл мэндийн чиглэлд анхаарч хууль батлуулж байсан гэдгийг ард түмэн мэднэ. Ц.Даваасүрэн гуай бол угаас энэ салбарын хүн учраас сайн ажиллаж байна.

Та орон нутгаас сонгогдсон болоод ч тэр үү мал, малчид гэж их ярих юм. Яг энэ цаг үед Ерөнхийлөгчийн зүгээс бас хөдөө аж ахуйн чиглэлд нэлээд чухал бодлого боловсруулаад оруулаад ирлээ шүү?

1990 оноос өмнө Монгол улсын хөгжлийн тэргүүлэх салбар нь угаасаа мал аж ахуй байсан. Тухайн үед 25 сая толгой малтай, 400 гаруй мянган малчинтай байсан. Бодоод үзээ тухайн үед нэг бог малын үр ашиг өндөр. Хонийг мах, сүүний чиглэлээр хэдэн янзын үүлдрээр өсгөнө. Ноос, мах, сүүг нь ашиглана. Ямааг ноолуур, сүү, махны чиглэлээр өсгөнө. Тухайн үед зөвхөн арьс нь нэг гутлын үнэ хүрдэг байлаа. Одоо бараг хог дээр хаягддаг болсон. 84 сая толгой малтай багширч байгаа ч малчдын тоо 150 мянгаар буурсан. Одоо 300 гаруйхан мянган малчинтай. Сод нийгмийн үед мах, сүү, ноос, арьс шир боловсруулах үйлдвэр гээд төрөл төрлөөрөө байлаа. Малын тоо толгой хэд дахин эхэсчихээд байхад ийм  төрлийн үйлдвэр алга байна. Малын арьс шир ганц ширхэг лааны үнэ хүрэхгүй байна. Мал маллаж, малчдын амьдралыг туулж үзсэн хүний хувьд энэ чиглэлд илүү анхааръя, ядаж нэмэлт орлоготой, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг баталгаатай болгоё гэж зорьсон юм. Жилд 15 сая толгой малыг нядалж хүнсэнд хэрэглэдэг гэсэн тооцоо байна. Үүнээс хэдэн хувьд махны экспортод орж эргээд малчдад хүрч байгаа вэ гэдгийг тооцох ёстой. Малчид гэдэг чинь хотын биднээс илүү ухаантай, бодлоготой эвтэй хүмүүс шүү дээ. Бид ингэж хоёр тал болж хэрэлдэж байхаар хөдөө аж ахуйдаа анхаарах нь чухал. Жинхэнэ амьдрал тэнд л байна. Ерөнхийлөгчийн оруулж ирсэн саналыг дэмжиж байгаа. Зөв бодлого. Аж үйлдвэрийн, хөдөө аж ахуйн комбинат байгуулчихвал малчдад ашигтай.

Таныг бог малын махаар шатахуун солилцъё гэсэн гэх юм. Үнэн үү?

Малаа эрүүлжүүлье. Бид махныхаа дотоодын нөөцөө бүрэн хангаж байгаа юм чинь гадаад руу, эрүүл мах экспортолж, түүнээс олсон ашгаараа малчдаа дэмжье. Тэдэнд хэрэгтэй бензин, шатахууныг солилцоогоор нийлүүлдэг байж болох тухай санал хэлсэн. Манай улс 84 сая толгой малтай ч эрүүл бус. Мах экспортлох бүрэн боломж байна. Даанч өвчлөлтэй малын махыг хааш нь зарах вэ…?

Ийм учраас л малыг эрүүлжүүлье. Дотооддоо үйлдвэрлээд гадагш нь гаргая гээд байгаа санаа минь энэ юм. Хөдөө аж ахуйн салбар бол монголчуудыг хэзээ ч тэжээгээд, аваад явчих тийм салбар. Үүнийг одооноос хөгжүүлчихвэл бид гадагш нь ганц мах биш, сүү, ааруул, ээзгий гээд малын гаралтай бүхий л ахуйн хэрэгцээний зүйлийг үйлдвэрлээд олон улсын зах зээлд нэвтрүүлж болно. Монголын ааруул, ээзгийг гаднынхан их сонирхдог шүү дээ. Энэ чинь зах зээл, боломж, мөнгө л гэсэн үг. Үүнийг хэн үйлдвэрлэдэг юм. Малчид шүү дээ.

One thought on “М.Билэгт: Ерөнхий сайдад бүхнийг шийдэх эр зориг байгаа ч эв зүйг нь олох ухаан дутаж байна

  1. donj

    Uhnii Ishignees yaaj uhaan garah yum dee kkk. Ih dee evreeree sejlene bizdee kk

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага