“Гөлөг”
2018 оны Decemberын 5

 

Гэрэлгүй харанхуй өрөөнд зурагтын өмнө тав зургаатай гэмээр жаал хүү нүүрээ наах шахам тулж суугаад, жижигхэн гартаа удирдлагаа тас атгаж, ямар нэг зүйлийг ухаанаа тавих шахам шимтэн үзнэ. Хааяа дуу, дүрснээс нь бондогосхийтэл цочих авч сувгаа солихгүй үзсээр л. Хаалганы түгжээ торхийн дуугарч, үүдэнд хувцас шарчигнах чимээ гаран, ээж нь орж ирээд ядарч бухимдсан төрхөө нууж үл чадан, галын өрөөндөө орлоо.

Аав нь ахиад л өнөөдөр оройтно. Хүүг бүр унтчихсан хойно хэзээ ч юм ирээд, өглөө гараад явчихсан байдагт хэзээний дасчихжээ.

– Төвшөө, чи наад зурагтаа одоо унтраагаад унтаач. Цаг хэд болж байгааг мэдэж байна уу?

Ээж нь чангаар ийнхүү нөгөө өрөөнөөсөө хашгирсан ч хариу дуулдсангүй. Нүүрээ цэвэрлэж, унтлагын хувцсаа өмсөөд, том өрөөндөө орвол хүү нь мөнөөх л янзаараа зурагтын өмнө суусаар. Үүдэнд нь жижигхэн цагаан хав өөрийг нь тоох хүнгүйд гомдох мэт гунигтай нүдээр эздийгээ ширтэн хэвтэнэ. Зурагтаар гарах дүрс ээжид таалагдсангүй. Буун дуу, орилоон, хүчирхийлэл, цус биенээс нь том дэлгэцээр дүүрэн мэлтийтэл гарах нь айн жихүүцмээр. Гэвч хүүд таалагдах бололтой.

– Миний хүү одоо явж унт. Зурагтаа унтраачих. Хүү нь хариу үл дуугарна. Удирдлагаа ч өгөхгүй тас атган сууна. Ээж хэлж, гуйж цөхрөөд эцсийн аргаа хэрэглэн удирдлагыг авах гэж таттал хүү нь өөдөөс нь ууртай харлаа. Тэр нүдний харц танихгүй хүнийх шиг, хүйтэн бас аймшигтай. Ээж цочсон ч гараа тавьсангүй, хүүгээ хамгаалах эхийн зөнгөөр удирдлагыг авах гэж оролдсоор. Гэтэл бяцхан цагаан хав ээжид нь туслах гэсэн мэт хүрч ирээд хүүгийн цамцны хормойноос зууран татлаа. Эцэст нь удирдлага ээжийн гарт орж, зурагт унтарлаа. Өрөөнд хав харанхуй ноёлов.

Хүүгийнхээ байдалд цочирдсон ээж өрөөндөө ороод, гараа зүрхэн дээрээ тавин, эвгүйцлээ намжаах гэж орон дээрээ суув. Хүүгийнх нь өрөөнөөс гарах чимээ анир үгүй. Хэсэг суугаад хүүгээ унтсан эсэхийг харах гэж өрөө рүү нь чимээгүйхэн алхаж байтал, нам гүмийг цочоон нохой ган хийтэл гаслах чимээ гарах нь тэр. Ээж яаран гүйж хүүгийхээ өрөөнд хүрлээ. Хайртай хүү нь бяцхан цагаан гөлгөө дээр өргөж байгаад газар хар хүчээрээ савахад хөөрхий нохой амь тавихдаа тарчлан дуугарсан нь тэр байж. Нохойны ам хамраас улаан ягаан цус урсан, цав цагаан хивсэнд шингэн, өнгө нь улам тодроно.

Амь тавьсан нохойны аврал эрэх нүд ээжийг зэмлэх мэт ширтэх нь зүрх өвдөм. Хүү нь харин жишим ч гүй гөлийтөл суусаар, нүд нь юуг ч үл илэрхийлэх мэт хоосон, гэмших өрөвдөх шинж өчүүхэн ч үгүй. Хүүгийн үздэг дүрс, ээж аавынх нь эзгүйд хань болдог зурагтаар байнга гардаг тэр л зүйл биеллээ олов. Гэртээ ганцаараа үлдэж, орой болтол ээж аавыгаа хүлээхдээ айдсаа бага ч гэсэн дарах гэж үздэг байсан зурагт эцэстээ түүний цорын ганц найз, баяр баясгалан болсон нь энэ. Зурагт л байхад өөр хэн ч байхгүй байсан, эсвэл байсан ялгаагүй. Харин түүнээс нь салгах гэсэн хэн ч өөрт нь эвлэрэшгүй дайсан.

Хүү санаа амар унтлаа. Одоо дахиж хэн ч түүнийг зурагтнаас нь салгаж чадахгүй. Тоглох гэж зовоодог эрх нохой үгүй болсон, ээж аав нь өглөө яваад өгөхөд дахиад л зурагт тэр хоёр үлдэнэ. Өдөр, үдэш үздэг зүйлс зүүдэнд нь ахиад ирнэ гэдгийг мэдэх учир хүү зүүдээ тэсч ядан хүлээн инээмсэглэнэ.

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага