Хөл хүнд үеийн цээрлэх зүйлс
2018 оны Decemberын 6

Жирэмсэн бүсгүйг “Хөл хүнд хүн, Бие давхар” гэхээс гадна “Дөрвөн нүдтэй хүн” хэмээн нэрлэдэг байна.Тиймээс ч “Дөрвөн нүдэт хүний нүдийг хариулж яаж болох вэ?” гэж жирэмсэн бүсгүйн дурлаж харсан идээ ундааны зүйлийг ямарч хүн огт татгалзалгүйгээр өгөх талтай ч дурьдаж буй цээрлэх ёсыг сайтар хянаж үздэг байжээ.Бүрэлдэн бүтэж буй бие цогцос нь хэв шинжээ алдах, дутуу төрөх магадлалтай хэмээн үзэж хөл хүндтэй эхийг хатуу явдалтай морь унуулах, удаан хугацаагаар унаа тэргээр хол авч явахыг, дутуу гарч ураг осолдох аюултай тул тулгар эхээр хүнд хэцүү ажил хийлгэхгүйг хичээж байжээ.

Олон хүн хуран чуулсан, овоо тахилга, үхдэл гашуудал дээр очуулахгүй, айлган цочоохгүй байх, цус, улай, мал нядалгаа, амьгүй болсон биетийг үзүүлэх, үзэж харахад жигшмээр алив нэгэн муу зүйл үзүүлэхийг эрс хориглоно.Хөл хүндтэй болсон эмэгтэй төрүүлэх үрийнхээ хэтийн амьдралын бэлгэ дэмбэрэлийг бодож утас ээрвэл хүүхдийн хүй эрчилнэ гэх ба уруул сэтэрхий үр хүүхэд төрөх бий гэж тэмээ унуулахгүй байх зэрэг элдэв хорио,цээр байв.
Монголчууд жирэмсэн хүнтэй нүүр улайж маргах, хүнд хүчир ажил хийлгэх, дэргэд ёс бус сэтгэл сэрдхийсэн муухай хараал үг хэлэх,туслахгүй байхыг нүгэл гэж цээрлэдэг. (сэтгэлийн хөдлөл ихтэй, амархан гомдож уурлах талтай байдаг нь хэвлий дэхь үрд ч муугаар нөлөөлдөг болохыг нэн эртнээс манай ахмад үеийнхэн маань ухаарч мэдсэнтэй холбоотойгоор ингэж үздэг байжээ)
Эхийн хэвлий дэх хүүхэд дөрвөн сар болоод хөдөлж эхлэхэд үрээ хайрлах, үрийнхээ эцгийг хайрлах хайр нь улам нэмэгддэг ажээ. Чухам энэ үеэс л тулгар эхэд тавих анхаарал уламч хянамгай болж ирээдүйн хүүхдийн төлөвшил, зан төрөх, эрүүл чийрэг төрөх, хүндрэл бэрхшээлгүй хөнгөжихөд эцгийн үүрэг, хайр халамж чухал болохыг өгүүлж буй хэрэг юм.

 

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага