Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх Монгол Улсын нөхцөл байдал
2018 оны Marchын 29
 

               Мөнгө угаах нь эдийн засаг, нийгмийн ихээхэн сөрөг үр дагавартай болох нь
маргаангүй үнэн юм. Хууль бус мөнгө гаднаас орж ирсэн дотоодоос гарсан бол зорилгодоо хүрээд гэнэт орж ирсэн шигээ гэнэт буцаад гарна. Их хэмжээний мөнгө гэнэт орж ирээд гэнэт гарах нь санхүүгийн системийн тогтвортой байдлыг эвдээд зогсохгүй хямралд ч хүргэж болох юм. Үүний зэрэгцээ олон улсын тавцанд дотоодын банк, санхүүгийн байгууллагуудын нэр хүнд унах, банк, санхүүгийн байгууллагаар дамжин хийгдэж байгаа гадаад гүйлгээг саатуулан шалгах, тэдгээртэй харилцахаас татгалзах хүртэлх арга хэмжээг гадны орнууд авч болох юм. Хууль бус мөнгө дотоодынх бол энэ нь хээл хахууль, авлигыг гааруулах, шударга өрсөлдөөнийг үгүй хийх, шударгаар бизнес эрхлэгчдийг зах зээлээс шахаж монополь байдал бий болгох зэрэг олон сөрөг үр
дагавартай. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо дутуу хөгжсөн орнуудыг мөнгө угаагчид ашиглах эрсдэл өндөр юм. Банк санхүүгийн системийн хөгжлийг дэмжих, иргэдийн санхүүгийн системд итгэх итгэлийг хадгалах зорилгоор төр, хувийн хэвшил, банк санхүүгийн байгууллага иргэн бүрийн үүрэг, хувь нэмэр, идэвх санаачлага, оролцоо хэрэгтэй юм. Эрхэм хүндэт уншигч та Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэхийн талаарх өөрт хэрэгтэй мэдээлэл олж авна гэдэгт бид найдаж байна.

 АРG (Ази, Номхон далайн орнуудын мөнгө угаахтай тэмцэх бүлэг)

 

Ази, Номхон далайн бүсийн байгууллага (APG)  -ын гишүүнээр 2004 оны зургадугаар сард элссэн.  2016-2017 онд Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог үнэлэх хоёр дахь удаагийн Харилцан үнэлгээ хийсэн тайлангаа 2017 оны есдүгээр сард тус байгууллага өөрийн цахим хуудсанд байршуулсан байдаг.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Монгол Улсын тогтолцоо: асуудлууд

  1. Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх Монгол Улсын нөхцөл байдал

Манай улс 2006 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг баталж, 2006 оны 11 дүгэр сарын 29-ний өдөр Санхүүгийн тагнуулын албыг Монголбанкны бүтцэд байгуулсан. Түүнчлэн, 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдөр “терроризмыг санхүүжүүлэх”-ийг, 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “мөнгө угаах” үйлдлийг гэмт хэрэгт тус тус тооцож Эрүүгийн хуульдаа зүйлчилсэн.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн дагуу мэдээлэх үүрэгтэй этгээдэд: банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, даатгал, брокер, дилер, валют солих цэг, мөрийтэй, бооцоотой тоглоом тоглуулагч этгээд, ломбардыг тооцсон. Эдгээр 8 төрлийн байгууллага нь харилцагчид данс нээсэн эсвэл 20 сая төгрөг түүнээс дээш дүнтэй гүйлгээ хийсэн харилцагч бүрийн мэдээллийг гаргуулан авч байх үүрэг хүлээсэн. Түүнчлэн, энэ хуулийн дагуу эдгээр байгууллага нь их дүнтэй гүйлгээ болон үнийн дүнгээс үл хамаарсан сэжигтэй гүйлгээний тухай мэдээллийг батлагдсан маягтын дагуу үнэн зөвөөр Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлж байх үүрэгтэй.

Банк санхүүгийн байгууллага нь хуурамч нэрээр эсвэл нэргүй, кодлосон данс ашиглахыг хориглоно гээд хуульдаа заасан байгаа юм. Ингэснээр, санхүүгийн системээр орж гарч байгаа мөнгөний урсгал эзэнгүй, эзэн нь үл танигдах эсвэл хуурамч нэрээр байх боломжгүй болж байгаа нь сайшаалтай.

Санхүүгийн мэдээллийн алба байгуулагдсан цагаас эхлэн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг эхний ээлжинд Монгол Улсын санхүүгийн системийн 87 хувийг эзэлдэг банкуудад зохион байгуулсан. Үүний тул холбогдох дүрэм, журам, мэдээлэл шилжүүлэх, дамжуулах, хүлээн авах дэд бүтэц, мэдээллийн сан зэргийг болгох ажлуудыг зохион байгуулсан.

Өнөөдрийн байдлаар СМА бүх банкнаас бэлэн мөнгөний гүйлгээний болон гадаад төлбөр тооцооны тайланг батлагдсан маягтын дагуу авч байна. Мэдээлэл авч эхэлсэн 2008 оны 2 дугаар сараас хойш нийтдээ 2 сая орчим 20 сая төгрөг, түүнээс дээш дүнтэй бэлэн мөнгөөр хийсэн гүйлгээний тайланг хүлээн авч мэдээллийн сандаа бүртгээд байна.

Харин банкны удирдлагуудын хүсэл зориг хангалттай биш, түүнчлэн, харилцагчийн мэдээллийг нууцлах алдаатай итгэл үнэмшил их байгаагаас шалтгаалж өнөөдрийн байдлаар Санхүүгийн мэдээллийн албанд нийт ердөө 178 ширхэг сэжигтэй гүйлгээний тайлан бүртгэгдээд байна. Сэжигтэй гүйлгээний талаарх мэдээлэл банк, санхүүгийн байгууллагаас хангалттай ирэхгүй байгаа нь бидний анхаарлыг зүй ёсоор татаж байна.


  1. Олон улсын стандарт /фатф-ын 40 зөвлөмж/-ын гол зөвлөмжүүд, Монгол Улс дахь хэрэгжилтийн байдалд хийсэн олон улсын байгууллагын шинжилгээ

ФАТФ-ын зөвлөмж 1: Мөнгө угаахыг гэмт хэрэгт тооцох

Улс орнууд мөнгө угаах үйл ажиллагааг НҮБ-ын  Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бодисын хууль бус эргэлтийн эсрэг конвенци, 1988 он (Венийн конвенц), НҮБ-ын Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг конвенц, 2000 он (Палермогийн конвенц)-ийн дагуу гэмт хэрэгт тооцох шаардлагатай.

Улс орнууд мөнгө угаах гэмт хэргийн суурь гэмт хэрэгт бүх хүнд гэмт хэргийг хамруулахын тул өргөн хүрээний суурь гэмт хэргүүдийг хамруулах шаардлагатай. Суурь гэмт хэргийг тогтоохдоо бүх гэмт хэргийг хамруулан, эсвэл “хязгаар” тогтоон тодорхой гэмт хэргийн төрөлтэй холбох, эсвэл суурь гэмт хэргийн ялын хугацаанаас хамааруулан (“хязгаарын арга”) эсвэл суурь гэмт хэргийн жагсаалт гарган эсвэл энэ бүгдийг хослуулан хэрэглэх шаардлагатай.

Хязгаарын аргыг хэрэглэж байгаа улс орон суурь гэмт хэрэгт доод тал нь үндэсний хуулиараа тогтоосон бүх хүнд гэмт хэргийг хамруулах эсвэл дээд тал нь нэгээс дээш жилийн ял оногдуулдаг гэмт хэргийг хамруулах, ялын хамгийн бага хугацааг заадаг хууль эрх зүйн тогтолцоотой улс орнууд бол суурь гэмт хэрэгт доод тал нь зургаа болон түүнээс дээш сар хорих ялтай гэмт хэргийг бүгдийг хамруулах шаардлагатай.

Ямар ч аргыг хэрэглэсэн байсан, улс орон болгон “ФАТФ-аас тогтоосон гэмт хэргийн төрөл”-д багтсан бүх гэмт хэргийг мөнгө угаахын суурь гэмт хэрэгт хамруулах шаардлагатай.

Мөнгө угаах гэмт хэргийн суурь гэмт хэргийг гадаад улс оронд үйлдсэнийг тухайн улсад мөн гэмт хэрэгт тооцдог байх шаардлагатай. Улс орнууд гадаадад үйлдэгдсэн гэмт хэрэг өөрийн улсад гэмт хэрэгт тооцогдохоор байсан бол суурь гэмт хэрэг гэж үзнэ гэсэн нөхцөл тавьж болно.

Улс орнууд хэрэв үндэсний хууль тогтоомжийн суурь зарчимд зөвшөөрч байвал мөнгө угаах гэмт хэргийг суурь гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хамааруулахгүй байхаар тусгаж болно.

  1. Улс орнууд дараах зүйлийг хангах шаардлагатай:

a)  Мөнгө угаах гэмт хэргийг нотлоход шаардагдах санаа, зорилго болон мэдлэгийг Венийн болон Палермогийн Конвенцийн стандартад нийцүүлж, сэтгэхүйн байдлын дүгнэлтийг объектив баримтат нөхцөл байдалд үндэслэн нотолдог байх,

b)  Үндэсний хууль тогтоомжийн суурь зарчим хориглоогүй бол хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх, энэ нь боломжгүй бол иргэний болон захиргааны хариуцлага хүлээлгэх. Тухайн оронд ийм төрлийн хариуцлага байдаг бол энэ нь хуулийн этгээдэд эрүүгийн, иргэний болон захиргааны журмаар давхар хариуцлага хүлээлгэхээр хэрэг үүсгэхэд саад болох ёсгүй. Хуулийн этгээдэд үр дүнтэй, тохирсон болон урьдчилан сэргийлэх шийтгэлийн арга хэмжээ авч байх шаардлагатай.

Эдгээр арга хэмжээ нь хувь хүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэс болохгүй.


Зөвлөмж 1-ийг хэрэгжүүлэхтэй холбоотой манай улсын дутагдлууд

ЭХ-ийн 14.4 дүгээр зүйлд Монгол Улсын хилийн гадна гэмт хэрэг үйлдсэн гадаадын иргэн, харъяалалгүй хүнд зөвхөн Монгол Улсын олон улсын гэрээнд заасан бол хариуцлага хүлээлгэнэ, 14.5-д Монгол Улсад байнга оршин суудаггүй гадаад улсын иргэн, харъяалалгүй хүн тус улсын хилийн гадна Монгол Улсын ашиг сонирхолын эсрэг гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлээгүй бол Монгол Улсын олон улсын гэрээнд заасан тохиолдолд энэ хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэж болно гэсэн нь гадаадын иргэдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын хязгаарлалтууд манай хуульд байна гэж ФАТФ үзжээ.

Эрүүгийн хууль /ЭХ/-ийн 1661.1-т заасан мөнгө угаах гэмт хэргийн оюун санааны элементийг өөрийн үйлдлийг ухамсарлан мэдсэн байхаар хязгаарласан байна. Энэ нь олон улсын стандартад нийцэхгүй, нотолход төвөгтэй байх болно. Мэдлэгийг обьектив баримтат нөхцөл байдалд үндэслэн тогтоодог хуулийн гарцтай болохыг ФАТФ-аас зөвлөж байгаа юм. 


ФАТФ-ын Тусгай Зөвлөмж II  –Терроризмыг санхүүжүүлэх

Улс орон бүр терроризм, террорист үйл ажиллагаа болон террорист байгууллагыг санхүүжүүлэх үйл ажиллагааг гэмт хэрэгт тооцно.  Ингэхдээ, эдгээр гэмт хэргийг мөнгө угаах гэмт хэргийг үндсэн гэмт хэрэгт тооцох шаардлагатай.

Тусгай Зөвлөмж II-тэй холбоотой манай улсын дутагдлууд

Монгол Улс терроризмыг санхүүжүүлэх үйлдлийг 2008 оны Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр тусгайлан хуульчилж өгсөн. Хэдийгээр терроризмыг санхүүжүүлэхийг гэмт хэрэгт тооцсон ч хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэдэггүй, шууд бус хөрөнгө ашиглахыг терроризмыг санхүүжүүлсэнд тооцдоггүй, террорист бүлэг болон террорист үйлдлийг хооронд нь уялдуулан хамруулаагүй зэрэг техникийн дутагдалтай асуудлууд хэвэндээ байна.

 

 

Террорист хувь хүн буюу террорист этгээдийг санхүүжүүлсэн бол шийтгэл хүлээлгэх талаар тусгайлан тусгаж өгөөгүй байна.

ФАТФ-ын зөвлөмж 3- Гэмт хэргээс олсон орлогыг хураах, түдгэлзүүлэх, бусад түр зуурын арга хэмжээ

Улс орнууд Венийн болон Палермогийн конвенцид тусгасантай ижил арга хэмжээ авах шаардлагатай. Тухайлбал, эрх бүхий байгууллагад угаасан эд хөрөнгө, мөнгө угаах үйл ажиллагаанаас болон суурь гэмт хэргээс олсон орлого, эдгээр гэмт хэргийг үйлдэхэд ашигласан болон ашиглахыг завдсан хэрэгсэл, тэдгээртэй дүйцэх хөрөнгийг гэм зэмгүй гуравдагч талын эрхийг хөндөхгүйгээр хураах эрхийг олгох шаардлагатай.

Эдгээр арга хэмжээ нь дараах эрхтэй байх шаардлагатай:

(а) хураах эд хөрөнгийг тодорхойлох, илрүүлэх болон үнэлэх,

(б) хураах эд хөрөнгийг арилжих, шилжүүлэх болон устгахаас сэргийлэн угтвар арга хэмжээ авч хөдөлгөөнгүй болгох/битүүмжлэх, түр саатуулах,

(в) хураах эд хөрөнгийг улсын орлого болоход саад болох ямар нэгэн арга хэмжээнээс урьдчилан сэргийлэх буюу зайлсхийх,

(г) мөрдөн шалгах бүх боломжит арга хэрэгслийг хэрэглэх.

Улс орнууд үндэсний хууль тогтоомжийн суурь зарчимд харшлахгүй бол эд хөрөнгө болон хэрэгслийг хураах үйл ажиллагааг заавал эрүүгийн гэмт хэргийн шийтгэлтэй холбох шаардлага тавихгүй байх, эсвэл хураагдах гэж байгаа хөрөнгийг хууль ёсны замаар олж авсан гэдгээ нотлохыг шаарддаг арга хэмжээг нэвтрүүлж болно.


Зөвлөмж 3-тай холбоотой манай улсын дутагдлууд

Монгол Улсын хууль тогтоомжид гэмт хэргээс олсон орлогыг хураах, түдгэлзүүлэх, илрүүлэх эрх мэдлийг хуулиар тодорхой заагаагүй.

Монгол Улсад мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон бусад үндсэн гэмт хэргийг үйлдэхэд ашиглагдсан эсвэл ашиглагдахаар зэхэж буй орлого, аливаа хэрэгсэл; түүнтэй дүйцэхүйц эд хөрөнгө гэдгийг тодорхойлох;  урьдчилан мэдэгдэлгүйгээр эд хөрөнгө түдгэлзүүлэх механизм бий болгох, эд хөрөнгө түдгэлзүүлэх болон бусад эд хөрөнгө хураах, улсын орлого болгох тогтоол, шийдвэрт өртсөн хувь хүний эрхийг тодорхойлсон журам, зохицуулалт тусгаж өгөөгүй байна.

Олон улсын стандартад тавьж буй шаардлагын дагуу хуульд хураагдах эд хөрөнгийн талаар тусгайлсан заалт байхгүй. Энэ утгаараа мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон бусад үндсэн гэмт хэргийг үйлдэхэд ашиглагдсан эсвэл ашиглагдахаар зэхэж буй эд хөрөнгө, аливаа хэрэгслийг хураахыг тодорхойлсон маш тодорхой эрх зүйн зохицуулалт болон  гэмт хэргээс олсон орлогоос олсон ашиг, орлогыг хураах эрх зүйн зохицуулалт аль аль нь байхгүй байна.

Хууль сахиулах байгууллага болон санхүүгийн тагнуулын албаны зүгээс хураагдах нь тодорхой болсон орлого, эсвэл гэмт хэргийн орлого гэж сэжиглэгдэж буй орлогыг эрж хайх, илрүүлэхийг зохицуулсан тусгайлсан хуулийн заалт, арга хэмжээ  байхгүй байгаа нь манай улс Палермогийн конвенцийг дагахгүй байгааг илэрхийлж байгаа юм. Монгол Улсын Эрүүгийн хууль болон ЭБШХ-дыг Палермогийн Конвенци дахь бүх шаардлагуудад нийцүүлээгүй, мөн чанар, хэрэглээний хувьд ерөнхий (бүдүүн-баараг) байна.

Палермогийн Конвенцид заасны дагуу шударга гуравдагч этгээдийн эд хөрөнгө, түүнтэй дүйцэхүйц эд хөрөнгийн эрхийг хамгаалах зохицуулалт, арга хэмжээ байхгүй байна.

Хураагдах эд хөрөнгөд гэмтэл учруулах, хохирол учруулж болзошгүй үйлдлээс урьдчилан сэргийлэх, зайлсхийхтэй холбоотой үе шаттай зохицуулалт, арга хэмжээ байхгүй байна


ФАТФ-ын тусгай зөвлөмж III –  Террорист ажиллагаанд ашиглагдах хөрөнгийг түдгэлзүүлэх

Улс орон бүр терроризм болон террорист үйл ажиллагааг санхүүжүүлэхтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэхтэй холбоотой НҮБ-ын тогтоолуудын дагуу террорист этгээд болон терроризм, террорист байгууллагыг санхүүжүүлдэг этгээдийн эд хөрөнгө, мөнгийг хугацаа алдалгүй хөдөлгөөнгүй болгох арга хэмжээ авна.

Түүнчлэн улс орнууд эрх бүхий байгууллагад терроризм, террорист үйл ажиллагаа болон террорист байгууллагыг санхүүжүүлсэнээс олсон орлого, санхүүжүүлэхэд ашиглаж байгаа буюу ашиглахаар завдсан эсвэл түүнд зориулсан хөрөнгийг хуулийн дагуу битүүмжлэх, хураан авах эрх олгох асуудлыг авч үзэх шаардлагатай.


Тусгай Зөвлөмж II-тэй холбоотой манай улсын дутагдлууд

              Монгол Улс нь НҮБ-ын Аюулгүй Зөвлөлийн 1373 дугаар Тогтоол, 1267 дугаар Тогтоолоор олон нийтэд террорист гэж зарлагдсан байгууллага, хуулийн этгээдийн террорист хөрөнгө, хуримтлал бусад хөрөнгийг цаг алдалгүйгээр түдгэлзүүлэх үр нөлөөтэй хууль тогтоомж, журам, зохицуулалтгүй байна.

Террорист гэж зарлагдсан хувь хүн болон хуулийн этгээдийн хөрөнгийг түдгэлзүүлэх ажлыг хэрэгжүүлээгүй этгээдэд хариуцлага тооцох заалтууд байхгүй.

Олон улсын стандартаар тавигдаж буй шаардлагуудын дагуу түдгэлзүүлсэн эд хөрөнгийг хэрэглэхтэй холбогдох дүрэм ба  зохицуулалт,  түдгэлзүүлсэн эд хөрөнгө хуримтлал, данс уруу нэвтрэх, түдгэлзүүлсэн хөрөнгийг хэрхэн чөлөөлөх журам байхгүй байна.

                        Гэмт хэргээс олсон орлого, түүнтэй дүйцэхүйц орлогоос олсон ашиг, орлогыг хэрхэх талаар зохицуулалт, авах арга хэмжээ байхгүй.

Түдгэлзүүлсэн хөрөнгийг ашиглах бүрэн зохицуулалт, гуравдагч этгээдийн  эд хөрөнгийг чөлөөлөх, маргах эрх багц зохицуулалт тус тус тусгагдаагүй.

Хөрөнгө түдгэлзүүлэх гурав хоногийн дараа авах арга хэмжээ болон  хөрөнгө түдгэлзүүлэх үйл ажиллагаанд өртсөн этгээдийн эрхийн талаарх нэмэлт мэдээлэл байхгүй 

Зөвлөмж 5: Харилцагчийн мэдээллийг зохих хэмжээнд таньж мэдэх үйл ажиллагаа

5. Санхүүгийн байгууллага нууц нэртэй болон илт хуурамч нэртэй данстай байх ёсгүй.

Санхүүгийн байгууллага дараах тохиолдолд  харилцагчийг таньж, мэдэх арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд үүний тулд харилцагчийг хэн болохыг тодорхойлж, харилцагчийн мэдээллийг шалгана:

бизнесийн харилцаа тогтоохын өмнө байнгын бус дараах гүйлгээ хийсэн үед:

(i) тогтоосон зааг хэмжээнээс хэтэрсэн гүйлгээ, эсвэл

(ii) Тусгай зөвлөмж

VII-ийн дэлгэрэнгүй тайлбарт орсон мөнгөн гуйвуулга;

мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаатай холбоотой гэж сэжиглэж байгаа бол;

харилцагчаас өмнө нь авсан тодорхойлох мэдээлэл үнэн, бодит байдалд нийцэхгүй гэсэн сэжиг санхүүгийн байгууллагад байвал.

Харилцагчийг таньж, мэдэх арга хэмжээнд (ХТМ) дараах зүйлс орно:

a)  Харилцагчийг хэн болохыг тодорхойлох болон шалгах, харилцагчийн хэн болохыг тодорхойлох тухай мэдээллийг найвартай, бие даасан баримт бичиг, мэдээллийн эх үүсвэр болон мэдээлэл ашиглан олж авна.

b)  Санхүүгийн байгууллага үр шим хүртэгчийг хэн болохыг тодорхойлох болон шалгах бололцоотой арга хэмжээг авна. Жишээ нь, үр шим хүртэгч хэн болохыг мэдэж байгаа гэсэн итгэлтэй болтол шалгана. Хуулийн этгээд болон байгууллагын хувьд харилцагчийн эзэмшил болон хяналтын бүтцийг мэдэх талаар боломжит арга хэмжээ авна.

c)  Бизнесийн харилцааны зорилго болон харилцах хэлбэрийн тухай мэдээлэл авна.

d)  Бизнесийн харилцагчийг таньж, ажиллагааг тасралтгүй байнга явуулах, хийж байгаа гүйлгээний төрөл, байгууллагын тухай мэдээлэл, эрхэлж буй бизнесийн төрөл, эрсдэлийн төрөл хэлбэртэй, шаардлагатай үед эх үүсвэрийн гарал, үүсэлтэй нийцэж байгаа эсэхийг шалгаж байх хэрэгтэй.


Санхүүгийн байгууллагууд дээрх ХТМ (a)-(d) хүртлэх арга хэмжээнүүдийг бүгдийг нь хэрэгжүүлэх боловч харилцагчийн төрөл, бизнесийн харилцаа болон гүйлгээнээс шалтгаалан хэрхэн хэрэглэхээ шийдэж болно. Энэ шийдвэр нь холбогдох байгууллагын гаргасан заавар, журамд нийцэж байх шаардлагатай. Эрсдэл өндөртэй харилцагчийг илүү өндөр зэрэглэлийн ХТМ арга хэмжээнд хамруулах шаардлагатай. Зарим тохиолдолд, эрсдэл багатай үед улс орнууд санхүүгийн байгууллагыг бага түвшний буюу хялбарчилсан ХТМ арга хэмжээ авахыг зөвшөөрч болно.

Санхүүгийн байгууллага бизнесийн харилцаа тогтоохоос өмнө болон тогтоох явцад, мөн байнгын бус харилцагчийн хийж буй гүйлгээг гүйцэтгэхдээ харилцагч болон үр шим хүртэгчийг хэн болохыг шалгах хэрэгтэй. Улс орнууд мөнгө угаах эрсдэл маш бага тохиолдолд болон бизнесийн жирийн үйл явцыг алдагдуулахгүй байх үүднээс зайлшгүй шаардлагатай бол энэ шалгалтыг санхүүгийн байгууллагад харилцаа тогтоосны дараа боломжит бага хугацаанд гүйцэтгэх эрхийг олгож болно.

Санхүүгийн байгууллагууд (a)-(c) зүйлийг биелүүлэх боломжгүй бол данс нээх, бизнесийн харилцаанд орох, гүйлгээ хийх хориотойн дээр бизнесийн харилцаагаа шууд таслах шаардлагатай бөгөөд  харилцагчийн талаар сэжигтэй гүйлгээний мэдээлэл хүргүүлэх арга хэмжээ авч болно.

Санхүүгийн байгууллагууд эдгээр шаардлагыг бүх шинэ харилцагч нарт тавих хэрэгтэй бөгөөд харилцаа болон эрсдэлийг үнэлэн ойрын ирээдүйд энэ зөвлөмжийг мөн хуучин харилцагч нарт хамруулах талаар арга хэмжээ авах хэрэгтэй.


Зөвлөмж 3-тай холбоотой манай улсын дутагдлууд

Монгол Улсад мэдээлэх үүрэгтэй этгээдийн зүгээс цахим шилжүүлэг хийх харилцагчийн мэдээллийг зохих түвшинд таньж мэдэх арга хэмжээ авах; харилцагчийг таньж мэдэх болон харилцагчийн хувийн үндсэн мэдээллийг шалгах; компанийн харилцагчийн өмнөөс гүйлгээ хийж буй  аливаа хувь хүнийг ийм зөвшөөрөлтэй эсэхийг шалгах; эцсийн өмчлөгчийг таньж мэдэх;  бүх харилцагчдыг бусдыг төлөөлж гүйлгээ хийж байгаа эсэхийг тодруулах; харилцагч компанийг жинхэнэ эзэмшдэг, хяналт тавьдаг хувь хүмүүсийг тодорхойлох; харилцагчдын тухай банк санхүүгийн байгууллагуудад хадгалагдаж байгаа мэдээллийг тухай бүр шинэчлэж байх хуулийн зохицуулалт тус тус байхгүй байсан.

Түүнчлэн харилцаа тогтоох болон гүйлгээ хийхээс өмнө буюу гүйлгээ хийх үед харилцагчийн болон эцсийн өмчлөгчийн үндсэн мэдээллийг таньж мэдэх хуулийн зохицуулалтгүй байна. Харилцагчийн мэдээллийн үнэн бодитой байдалд эргэлзээ бий болсон тохиолдолд тухайн харицагч нэмэлт мэдээлэл өгөхөөс татгалзвал тухайн харилцагчийн гүйлгээнд анхаарал тавьж сэжигтэй гүйлгээ мэдээлэх, харилцагчтай хийх харилцаааг зогсоох талаар ямар ч шаардлага байхгүй байна.


Зөвлөмж 13 болон Тусгай Зөвлөмж 4: Сэжигтэй гүйлгээ

Хэрвээ санхүүгийн байгууллага, хөрөнгийг гэмт үйлдлээс олсон эсвэл терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой гэж сэжиглэж байгаа эсвэл сэжиглэх хангалттай үндэслэлтэй бол хууль, журмын дагуу сэжгийн тухай Санхүүгийн мэдээллийн алба (СМА)-нд шууд мэдээлэхийг шаардах ёстой.

Зөвлөмж 13, Тусгай зөвлөмж 4-тэй холбоотой манай улсын дутагдлууд

Монгол Улсад сэжигтэй гүйлгээг мэдээлэх үүрэгтэй холбогдуулан нилээн ноцтой дутагдалтай асуудлууд байсаар байна. Монгол Улсад мэдээлэх үүрэгтэй этгээд нь сэжигтэй гүйлгээг маш хязгаарлагдмал явцуу тохиолдолд мэдээлдэг.  Мөн тухайн эд хөрөнгө терроризм эсвэл терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой гэж үзэх хангалттай үндэслэл байхад  сэжигтэй гүйлгээг мэдээлэх үүрэг мэдээлэх үүрэгтэй этгээдэд байгаагүй гэдгийг тэмдэглэсэн байна

 

Дүгнэлт

Дээрх байдлаар Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх Олон улсын байгууллага буюу ФАТФ нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, түүний дотор харилцагчийг таних, эцсийн өмчлөгчийг таних олон улсын стандартыг гаргаж санхүүгийн системд оролцож байгаа дэлхийн улс орнуудаас тэдгээрийг хэрэгжүүлэхийг зөвлөдөг юм.

Хэдийгээр, бид тэрхүү олон улсын стандартыг “зөвлөмж” гэж нэрлэдэг ч тэр нь үнэн хэрэгтээ “шаардлага” юм. Яагаад гэвэл ФАТФ нь өөрийн зөвлөмжийг үл тоосон, дутуу хэрэгжүүлсэн улс орны талаар дэлхий нийтэд мэдээлэл хүргэж эдгээр улс орны эсрэг санхүүгийн сөрөг арга хэмжээ авахыг улс орнуудад уриалдаг юм. Одоогийн байдлаар Хойд, Солонгос, Иран, Боливи, Куба, Эфиоп, Гана, Индонез, Кени, Бирма, Нигери, Пакистан, Сан Том ба Принцип, Шри Ланка, Сири, Танзани, Тайланд, Турк гэх мэт 17 орон энэхүү хар жагсаалтад ороод байна.

Энэхүү жагсаалтад орсон улстай дэлхийн орнууд санхүүгийн харилцаанд нь тусгайлан анхаарал тавихаас эхлүүлээд харилцаагаа таслах хүртэл арга хэмжээ авахыг өөрийн орны санхүүгийн байгууллагуудад үүрэг болгодог. Ингэснээр, жагсаалтад орсон улс орны эдийн засаг, хөрөнгө оруулалтад бодитой хохирол учрах аюул нүүрлэдэг. Энэ утгаар ФАТФ-ын зөвлөмжийг улс орнууд шаардлага мэтээр ойлгож, хүлээн авах ёстой болдог.

Хэдийгээр манай улс мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх ажлыг дотооддоо эхлүүлсэн ч өнөөдрийг хүртэл олон улсын шаардлагад яг цав нийцсэн стандартыг бий болгож чадаагүй байна. Ялангуяа, Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг буюу Палермогийн конвенци дахь мөнгө угаахтай тэмцэхтэй холбоотой, Терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг НҮБ-ын конвенцийн терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхтэй холбоотой олон заалт манай хууль тогтоомжид зохих ёсоор ороогүй байна. Энэ тухай ФАТФ буюу манай улс гишүүн нь болох Ази номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлэг /APG/-гээс онцлон тэмдэглэж, улмаар эдгээр байгууллагаас манай улсад шат дараатай арга хэмжээ авах боллоо.

Эдгээр зөвлөмжийг бүрэн хэрэгжүүлэхэд манай улсад хугацаа өгсөн бөгөөд тэр хугацаа нь 2013 оны 6 дугаар сард дуусгавар болж байгаа юм. Зөвлөмжүүдийг огт хэрэгжүүлэхгүй эсвэл дутуу хэрэгжүүлвэл манай улс дээр хэлж байсанчлан ФАТФ-ын “хар жагсаалт”-д орох юм. Иймд, манай улсын төр засаг энэхүү үйл явцад онцгой ач холбогдол өгч дорвитой арга хэмжээ авах зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм.

ОДООГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ


APG нь 2016-2017 онд Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог үнэлэх хоёр дахь удаагийн Харилцан үнэлгээ хийсэн тайлангаа 2017 оны есдүгээр сард тус байгууллага өөрийн цахим хуудсанд байршуулсан байдаг.  

Монгол Улсын тогтолцоо сайнгүй маш муу гэсэн дүр зураг гарсан. Засч залруулах 9 сарын хугацаа өгсөн. Хэрэв энэ шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд саарал жагсаалтанд Монгол улсыг  энэ оны аравдугаар cap хүртэл хангаж чадахгүй бол “саарал жагсаалт’’-д оруулна гэдгийг дахин дахин анхааруулаад байгаа юм.  Хатуугаар хэлбэл, тэнсэн харгалзах ял оногдуулаад байна.

Хэрэв тус саарал  жагсаалтад орвол:

-Санхүүгийн системийн гадаад харилцаанд шууд нөлөөлж, түншийн харилцаа зогсонги байдалд орох, хөрөнгө татах боломж буурах буюу хязгаарлагдах,

-Арилжааны банкнуудын гадаад гүйлгээ зогсох

-Улсын зээлжих зэрэглэл буурах

-Засгийн газар болон аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө босгох зардал нэмэгдэх

-Хөрөнгө оруулалтын зардал өссөнөөр инфляцад сөргөөр нөлөөлөх

-Оффшорын мөнгө шилжих асуудал хаагдана гэх мэт олон аюул хаалга тогшиж байна.

Цаашлаад энэ сөрөг байдал нь эдийн засагт шууд мэдрэгдэж эхэлдэг байна.

Саарал жагсаалтанд одоогоор 9 улс, хар жагсаалтанд ИРАН, ХОЙД СОЛОНГОС гэсэн 2 улс байгаа юм. 

Манай улсын хувьд БОНДЫН ӨРИЙН дараа эрэмбэлэгдэх нөхцөл байдал гэж ихэнх эдийн засагчид  үзэж байна.

 

 

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага