Саарал жагсаалт ба таны банкны данс
2018 оны Marchын 23

         Олон Улсад сүүлийн жилүүдэд ихээхэн анхаарч, өргөн хүрээнд арга хэмжээ авч байгаа зүйл бол мөнгө угаах болон, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх явдал юм. Учир нь анхаарч арга хэмжээ аваагүйн улмаас гарсан хор уршгууд нь дэлхийн эдийн засаг болон улс төрд ихээхэн сөрөг нөлөө үзүүлсэн түүхтэй. Үүний нэг томоохон жишээ бол АНУ-ын Уотергейтийн скандал юм. Ерөнхийлөгчийн сонгуульд 1972 онд дахин өрсөлдөхөөр зэхээд байсан АНУ-ын Ерөнхийлөгч Никсоны нэр хүнд Вьетнамын дайнаас болж ихээхэн унасан. Никсон сонгуульд ялахын тулд зөвлөл байгуулсан ба харамсалтай нь тус зөвлөл буруу санхүүжилтийг ашиглаж, өрсөлдөгч ардчилсан намын Уотергейт дэх төв байранд нэвтрэн нууц бичиг баримт хулгайлсан нь илчлэгдсэн. Үүнээс болж улс төрийн тогтворгүй байдал үүсч Никсон сонгуульд ялсан ч хожим нь огцорсон аж.

 Ер нь мөнгө угаах гэдэг ойлголт нь Чикагогийн мафийн нэрт толгойлогч Аль Капонегээс үүсэлтэй. Тэрбээр гэмт хэргээс олсон мөнгөө тайлагнахдаа өөрийн эзэмшлийн хувцас угаалгын газрыг нуувч болгон ашигласнаар анх энэ хэллэгийг бий болгосон. Харин терроризмыг санхүүжүүлэх гэдэг ойлголт нь шууд утгаараа Исламын улс, Аль Кайда зэрэг бүлэглэлүүдийг санхүүжүүлэхийг нэрлэж байгаа ба ингэхдээ мөнгө угаахтай адилаар эх үүсвэр болон хүлээж авах талыг нуун дарагдуулахыг оролддог аж. Эдгээр хоёр ойлголтыг нэгтгэж хуульчилдаг гол шалтгаан нь ил тод байдалтай холбоотой. Монгол Улсад 20 сая төгрөг буюу түүнтэй тэнцэх гадаад валютын гүйлгээ хийх тоолон Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх үүрэгтэй. Үүний шалтгаан нь гүйлгээ хийж байгаа иргэдийг террорист эсвэл мөнгө угаагч гэж сэжиглэж байгаа явдал огтоос биш харин эсрэгээр бидний аюулгүй байдлыг хамгаалах зорилготой арга хэмжээ юм.

Ер нь Монгол Улс шиг хөгжиж байгаа гэдэг ангилалтай болон буурай хөгжилтэй орнуудын санхүү, хууль эрх зүйн тогтолцоо гүйцэт төлөвшөөгүй байдгийн улмаас хууль бус мөнгө байршуулж хадгалах, дамжуулах эрсдэлд өртөмтгий байдаг. Энэ нь цаашлаад манайх шиг жижиг эдийн засагтай оронд их хэмжээний мөнгө ороод, удалгүй гарахад санхүүгийн системийн тогтворгүй байдал үүсгэх эрсдэлтэй. Нөгөөтээгүүр аливаа байдлаар хууль бус мөнгийг нэвтрүүлбэл олон улсын тавцанд Монгол Улсын болоод манай банк, санхүүгийн байгууллагуудын нэр хүнд унах, банк, санхүүгийн байгууллагаар дамжин хийгдэж байгаа гадаад гүйлгээг саатуулан шалгах, тэдгээртэй харилцахаас татгалзах хүртэлх арга хэмжээг гаднын орнууд авч болно.

Монгол Улсын хувьд мөнгө угаах болон терроризмын санхүүжилттэй тэмцэх хүрээнд хууль эрх зүйн орчны эхлэлийг тавьж, суурь арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж эхэлсэн ч үр дүн төдий л сайн биш байна. Тухайлбал Монгол Улсад хийсэн харилцан үнэлгээний тайлангаас үзэхэд хууль сахиулах байгууллагууд мөнгө угаахтай тэмцэх үйл ажиллагаа явуулдаг ч өнөөг хүртэл мөрдөн шалгах шатанд ердөө 49 тохиолдол шилжсэн аж. Эдгээрээс зөвхөн 2 хэрэгт ял шийтгэл оногдуулсан ч анхан шатны шүүхийн шийдвэрийг Дээд шүүхээс хүчингүй болгож хэргүүдийг хэрэгсэхгүй болгожээ. Мөнгө угаах гэмт хэрэг бол маш их өргөн хүрээний ойлголт бөгөөд үүний дагуу ердөө 49 хэрэг мөрдөн байцаалтын шатанд шилжиж хоёрхон хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн гэдэг бол улс орны хэмжээнд маш их чамлалттай үзүүлэлт юм.

APG буюу Ази, Номхон далайн бүс нутгийн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн анхааруулаад байгаа зүйл бол энэ. Хэдийгээр Монгол Улс APG болон FATF-ийн зөвлөмжийг бага багаар мөрдлөг болгож, дагаж байгаа ч нийт 40 зөвлөмжийн ердөө 5-ыг нь хангасан байгаа бол 5-ыг ихэвчлэн хангасан, 15-ыг хэсэгчлэн хангасан, 15-ыг ерөөсөө хангаагүй гэсэн үзүүлэлттэй байна. Эдгээрийг  2018 оны 10-р гэхэд нийцүүлэн, хууль эрх зүйн шинэчлэл хийж байж “Хар, саарал жагсаалт”-д орохоос сэргийлж чадна. Хэрэв нийцүүлэхгүй бол гадаадын банк санхүүгийн байгууллагууд Монгол Улсыг, мөн манай банк санхүүгийн байгууллагуудыг Олон Улсын стандартыг мөрддөггүй, мөнгө угаах болон, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцдэггүй гэж үзэн холбоогоо таслах эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл та Солонгос, АНУ зэрэг орнууд руу мөнгө шилжүүлэх эсвэл хүлээж авч чадахгүй, таны дансны хуулгыг олон улсад хүлээн зөвшөөрөхгүй болно.

Түүнчлэн бидэнд тодорхой хугацааны боломжийг 2018 оны 10-р сар хүртэл олгосон боловч энэ нь үнэгүй олдсон боломж биш. Монгол Улсыг заасан хугацаанд 40 зөвлөмжийг хангахыг шаардаж тэр хүртэл APG-ийн эрчимтэй хяналтад оруулсан. Эрчимтэй хяналтад орсноос хойш Монголын банкнуудыг олон улсын банкнууд эрсдэлтэй тооцож, хамтын ажиллагаагаа багасгах, өндөр дүнтэй харилцах данстай байхыг шаардах, шинэ данс нээхгүй байх зэрэг хүндрэлүүд бий болоод байна. Мэдээж мөнгө угаах эрсдэлтэй улсын банкны гүйлгээг гүйцэлдүүлэх нь өөрөө мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэхгүй байгаа хэрэг болох учир тэднийг ч буруутгах аргагүй.

Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага (ФАТФ)-аас гаргасан 40+9 зөвлөмжүүд

“Мөнгө угаах болон, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх” тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн 1-р сард УИХ-д өргөн барьсан байгаа бөгөөд тус хуулийн төслийн зүйл заалт болгон APG-ийн зөвлөмжийг шингээсэн. Тус хуульд өөрчлөлт оруулах нь ийм чухал агуулгатай учир улс төржүүлж, хойшлуулах нь Монгол Улсын санхүү, эдийн засгийн тогтвортой байдалд аюул учруулж байгаа хэрэг аж.

Өөр нэг чухал асуудал бол хууль батлагдсаны дараа комплаенс буюу хууль, дүрэм, журмыг мөрдлөг болгох явдлыг мөн нэвтрүүлэх шаардлагатай болоод байна. Манайд олон улсын стандартад нийцсэн комплаенсын тогтолцоо нэвтрүүлсэн институт цөөхөн. Иймд энэ үйлст Монгол Улсын төр, захиргаа, хууль сахиулах байгууллагууд, арилжааны банкнууд, банк санхүүгийн холбоод, төрийн бус байгууллагууд, нотариатч, нягтлан бодогчид, эрдэмтэн судлаач нар, ард иргэдийн оролцоо чухал болохыг онцолж байна. Бидэнд одоо 7 хүрэхгүй сарын хугацаа үлдээд байгаа ба амжиж хийх ажлууд их байна. Эцэст нь банк, санхүүгийн байгууллагууд “харилцагчийг таньж мэдэх” хэмээх маягтыг бөглүүлдэг нь таны талаар мэдээлэлтэй болохоос гадна, хуулийн хэрэгжилтийг хангаж байгаа явдал тул улс орны аюулгүй байдлын төлөө хамтарч ажиллах нь ХҮН БҮРИЙН ИРГЭНИЙ ҮҮРЭГ юм.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага