Тогтвортой хөгжихийн тулд статисикаар тооноо тул
2017 оны 11 сарын 10

Бид хумхийн тоосыг ч тоолно
Хурын дуслыг ч тоолно
Хур хөрөнгийг ч тоолно
Хуучин шинийг ч тоолно
Ирж буцахын жамыг ч тоолно
Инээд нулимсны учрыг ч тоолно… хэмээх зургаан мөрөөр статистикчдын, статистикийн салбарын үйл ажиллагаа, дүр төрхийг илтгэж болох. Аливаа улс орны тоон мэдээлэл, судалгаа хамгийн эхэнд түүчээлж, сая түүнд үндэслэсэн дүгнэлт, шийдвэр гаргаж, бодлого боловсруулбал илүү үр дүнтэй, бодитой хөгжилд хөтөлнө.

“XXI зууны статистикийн хөгжлийн төлөөх түншлэл” буюу “PARIS 21” байгууллагатай хамтран “Тогтвортой хөгжил -2030” чадавх бэхжүүлэх” сургалт, семинарыг зохион байгуулах үеэр.

Монголчууд бид хүн, мал, эд хөрөнгөө тоолдоггүй байсан бол өнөөдөр яах байсныг та төсөөлж үзсэн үү. Наад зах нь малаа тоолдоггүй байсан бол хэчнээнийг нь өвлийн идшиндээ хэрэглэх, хэчнээнийг экспортод бэлтгэх, хэдийг авч үлдэх зэргээр тооцоолол хийх боломжгүй болно. Ямартаа л сүүлийн жилүүдэд бог мал тэр дундаа ямааны тоо эрс өссөнтэй холбоотойгоор бэлчээрийн доройтол бий болж буйг төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагууд сануулж байх билээ. Энэ тоог статистикийн мэдээллээс харж бэрхшээл үүсэхээс өмнө бодлогын арга хэмжээ авах боломжтой байсан. Байсан хэмээн өнгөрсөн цаг дээр ярьж буйн өнөөдөр нэгэнт асуудал аль хэдийн үүсээд байгаль цаг уур болон эдийн засгийн хохирол үзүүлээд эхэлчихсэн.
Хуучныг нэхэн санаж нэгэн жишээ татъя. Тэгэхдээ зөвхөн мал аж ахуй бус нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт статистик мэдээлэл чухал ач холбогдолтой, ашиглаагүйн улмаас олон төрлийн бэрхшээл бий болсныг, болж буйг сануулах хэрэгтэй. Нүүдлийн соёл иргэншилтэй илүү ойр явж ирсэн тул мал аж ахуйн салбар дээр жишээ татаж байгаа билээ.
Манай улс 1970 онд 13.3 сая хонь, 4.2 сая толгой ямаатай байсан бол 2003 оноос хойш хонь, ямаа хоёрын тоо эсрэгээрээ өсөж эхэлсэн. Ямааны тоо, толгой өссөөр 2008 онд 19.9 саяд хүрсэн. Үүнээс хойш ямаа, хонины тоотой энэ тэнцүү өссөөр 2016 оны байдлаар 25.6 саяд хүрчээ. Энэ хугацаанд хөдөө аж ахуйн салбарт юу болов, ямар бодлого, шийдвэр гаргав. Ерөнхийд нь цухас дурдахад төрөөс малчдад ноос, ноолуурын урамшуулал өгсөн, ноолуурын үнийг урд хөршийн ченжүүд хөөрөгдсөн. Хариуд нь малчид эдийн засгийн ашгийг нь харж тэр хэмжээгээр ямаагаа илүү өсгөх болсон. Энэ бүхэн малчдад түр зуурын эдийн засгийн ашиг үзүүлсэн ч эцэст нь дэлхийн дулаарал, байгаль цаг уурын нөхцөл байдал, бэлчээрийн доройтол бүгд нийлж эргээд бидэн рүү хангалттай чанга тургисан. Үүний үр шимийг одоо бид нүдээр харж, биеэр мэдэрч байна. Тодруулбал, зарим аймгийн малын бэлчээр дутагдалтай, өвс ногоо муу гарсны улмаас малаа бэлчээх газаргүй болж нэгнийхээ бэлчээрийг хувааж ашиглах санал, хүсэлт тавиад явж байна. Өнгөрсөн жил ч энэ явдал давтагдсан. 1970-2016 он хүртэл 46 жилийн хугацаанд магадгүй түүнээс ч өмнөх тоонуудыг хараад мал аж ахуйн салбарт урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч болох байж. Статистик тоон мэдээллээр “Малын бэлчээрийг эргэж сэргэхгүй болтол нь идээшилдэг  ямаан сүргийн чинь тоо өсөөд байна шүү” гэж анхааруулсныг ажиглаагүй юү, ашиглаж чадаагүй юү. Аль нэг нь болсон байх. Энэ мэт тоон мэдээллийг ашиглаад бодлогоор асуудлыг шийдвэрлээд явах боломж бэлээхэн байсныг жишээгээр дурдлаа. Бусад салбарт ч ийм асуудал цөөнгүй бий. Үүгээр зөвхөн мал аж ахуй бус эрүүл мэнд, аж үйлдвэр, хөдөлмөр эрхлэлт, улсын төсөв, аялал жуулчлал гээд бүхий л салбарын статистик тоон мэдээлэл нийгэм, эдийн засагт ямар ач холбогдолтой, чухал болохыг илэрхийлэх гэсэн билээ. Манай улсын бодлого, шийдвэр гаргагчид тэр бүр статистик мэдээллийг бодит үр дүн тодорхойлоход ашигладаггүй. Үүнийг олон жишээгээр тайлбарлаж, харуулж болно. Гэтэл гаднын улс орон одоо байгаагаасаа илүү судалгаа, тоон мэдээлэл гаргуулахын тулд статистикийн байгууллагаа нэгдүгээрт тавьж, өсөлт хөгжилд нь илүү анхаарал хандуулсаар. Манай улсын бүх тоон мэдээллийг нэгтгэн боловсруулж гаргадаг байгууллага нь Үндэсний статистикийн хороо.

Зургаан хүнтэй Тоо бүртгэлийн хэлтсээс 2489 хүнтэй статистикийн салбар хүртэл

Анх 1924 оны арваннэгдүгээр сарын 11-нд тэр үеийн Дотоод яамны бүтцэд зургаахан хүний орон тоотойгоор тоо бүртгэлийн хэлтэс байгуулж байсан бол өнөөдөр сар, улирал, жилийн мэдээ гаргахад тухай бүр ажиллаж байгаа 2489 хүн болтлоо өсөн нэмэгдсэн том айл болжээ. Тодруулбал, Монгол Улсын засаг захиргааны анхан шатны нэгж болох баг хорооны Засаг дарга, сумдын мэргэжилтэн, судлаачид, аймаг, нийслэл, улсын түвшинд нийлээд 2489 болж байгаа юм. Эдгээрээс үндсэн ажилтан, албан хаагч нь 320. Хэрэв анхдагч мэдээлэл өгдөг аж ахуйн нэгжүүд, яам тамгын байгууллага зэргээр мэдээллийн эх сурвалжаа нэмбэл Монгол Улсын гурван сая иргэн бүгд статистикт ямар нэг хэмжээгээр хамааралтай, оролцоотой болох нь дамжиггүй.
Үндэсний статистикийн хороог Монгол Улсын Ерөнхий сайд асан, нэгэн цаг үед Статистикийн төв газарт орлогч даргаар ажиллаж явсан Пунцагийн Жасрайн зээ охин А.Ариунзаяа удирдаж байгаа. Тэрбээр тус ажлыг авснаас хойш статистик мэдээллийг олон нийтэд хэрхэн илүү ойлгомжтой, шуурхай хүргэх талаас нь түлхүү ажиллаж байгаа аж. Үүнтэй холбоотойгоор статистикийн хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор хэрэглэгчид рүү чиглэсэн сургалт, семинар цөөнгүй зохион байгуулдаг. Тухайлбал, хамгийн сүүлд өнгөрсөн баасан гарагт БСШУСЯ-тай хамтран ажиллаж ЕБС-ийн багш нарт статистикийн тухай гарын авлага бэлтгэн хүргэхээр болсон билээ. Хэчнээн хэрэгтэй статистик тоон мэдээлэл гаргасан ч түүнийг ойлгож, ашиглах, хэрэглэгч байхгүй бол олон хүний хүч хөдөлмөр тоон түүх болоод л үлдэнэ.
Улс орны урлаг, соёлын хөгжлийн түүхийг хадны сүг зураг, чулуун хөшөө, уран зохиол зэргээр дамжуулан үлдээдэг бол нийгэм, эдийн засгийн хөгжлийг тоогоор бичиж үлдээдэг гэхэд буруудахгүй биз ээ. Аливаа тоо ямар нэг утга илэрхийлж байдаг. Яг л эргэх холбоо шиг. Хүн хорвоод мэндлэхдээ л нэг гэсэн тоог илэрхийлж Монгол Улсын хүн амд нэмэгдэнэ. Өсөж том болохдоо сургуульд сурч боловсролын статистикийг бүрдүүлнэ. Ажилд орохдоо хөдөлмөрийн болоод дундаж цалингийн хэмжүүрт орно, цаашлаад гэр бүл зохиохдоо Монгол Улсын өрхийн тоог нэмж тэтгэвэрт гарахдаа статистикийн нэг үзүүлэлт болох Нийгмийн даатгал, халамжийн тоон үзүүлэлтэд хувь нэмрээ оруулж эхэлдэг. Энэ бүгдийг нийтлэлийн эхний зургаан бадгаар тодорхой илэрхийлсэн билээ. Хамгийн энгийнээр тайлбарлахад Та, би, бид бүгд статистикийн тоон мэдээллийг алхам бүртээ бий болгож байдаг. Харин юуг, хэрхэн бүтээж буйг мэргэжлийн статистикчид тоолж, хэм­жиж, тэмдэглэж дараа дараагийн үед нийгэм, эдийн засгийн түүх болгон үлдээж буй.
Зургаан хүнтэй Тоо бүртгэлийн хэлтсээс 2500 орчим хүнтэй болж хөгжсөн статистикийн салбарын урт хугацааны зарим онцлох зүйлээс дурдвал олон сонирхолтой баримт бий. Тухайлбал, 1921 онд Хүн ам, эд хөрөнгө, малын тооллого явуулах, улсын бүртгэл, мэдээлэл нэвтрүүлэх талаар Монгол Ардын нам, Ардын засгийн газраас шийдвэр гаргасан байдаг. Мөн 1974 онд Монголын анхны тооцоо­лон бодох электрон машин “МИНСК-32”-ийг үйл ажиллагаандаа ашиглаж эхэлсэн байна. Үүнээс гадна 1982 онд Монгол Улсаас гадаад улстай анх удаа компьютерээр мэдээлэл солилцсон зэрэг статистикийн болон Монгол Улсын хэмжээнд анхдагч тодотголтой үйл явдлын хөгжлийн эхлэлийг тавьсан байдаг. Сонирхуулахад өнөөдөр та, бид ямар нэг орон зайн хамааралгүй хаанаас ч хүссэн тоон мэдээллээ авч, ашиглаж буй www.1212.mn Мэдээллийн нэгдсэн сангийн эхлэл болох статистикийн байгууллагын анхны вэб сайтыг 1998 онд боловсруулж интернэтэд байрлуулж байжээ. Харин 2008 онд Статистикийн төв байгууллагыг УИХ-аар хэлэлцэн баталж Статистикийн хороо болгох шийдвэр гаргаж “Статистикийн тухай” хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа. Мөн энэ онд Статистикийн салбарын хөгжлийн түүхэнд анх удаа “Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай” бие даасан хуультай болсон байна. Хуулиас гадна 2011 оноос Монгол Улс Статистикийн комиссын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа аж. Бас нэг ололттой тал нь техник технологи хөгжсөн цаг үетэй хөл нийлүүлэн алхах зорилгоор 2014 онд ҮСХ, Нийслэлийн статистикийн газар, 21 аймаг, 9 дүүргийн статистикийн хэлтсүүдийг холбосон мэдээллийн нэгдсэн сүлжээг бий болгож байж. Хамгийн сүүлд л гэхэд “Монгол Улсын статистикийн эмхэтгэл-2016”-г сүүлийн 10 жилээр хэвлэсэн. Ингэснээр нэг дороос илүү олон тоон мэдээлэл авах, хооронд нь харьцуулах зэрэг давуу талыг хэрэглэгчдэд олгосон. Энэ мэтээр тоочоод байвал олон нээлт, өөрчлөлт, ахиц дэвшил бий.
Үндэсний статистикийн хорооны өнөөдрийн дүр төрхийг товчхон илэрхийлье. Тус байгууллага нь одоогоор эдийн засаг, нийгмийн амьдралын 48 бүлгийн 82 нэгдсэн үзүүлэлтийн 346 үзүүлэлтийг тогтмол давтамжтай гаргадаг. Үүнээс гадна хуулиар заасан 10 түүвэр судал­гаа, том хэмжээний таван тооллого явуулдаг. Тухайлбал, хамгийн сүүлд л гэхэд Дэлхийн банктай хамтран “Ядуурлын дүр төрх-2016” ядуурлын тооцооны үр дүнг танилцуулсан. Энэ удаа Өрхийн нийгэм, эдийн засгийн 2016 оны судалгааны үр дүнд үндэслэн ядуурлын түвшинг анх удаа аймгийн түвшинд тооцон гаргасан байна. Сонирхуулахад, 2015-2016 онд эдийн засаг, нийгэмд бий болсон сөрөг цоч­ролуудын улмаас 2014 онд ядуурлаас гарсан иргэд эргээд ядууралд орсон болохыг судал­гаа­ны дүнгээр харуулсан. Мөн Ажиллах хүчний судалгаа, Өрхийн орлого, зарлагын судал­гаа зэрэг хуульд заасан тооллого, судал­гааг олон улсын арга аргачлалын дагуу явуулдаг аж.
Үндэсний статистикийн хороо статистик тоон мэдээллээ илүү нарийвчилж, дэлгэрэнгүй болгох, нийгэмд хэрэгтэй үзүүлэлт гаргахын тулд дотоодын болоод гаднын байгуулла­гуудтай хамтран ажиллах хүрээгээ тэлсээр байгаа нь вэб хуудас руу нь ороход л харагдана. Мөн долоо хоног, сар, улирал, жилийн мэдээг тогтмол танилцуулахаас гадна олон төрлийн судалгаа явуулж байгаа аж. Тухайлбал, энэ онд тогтмол давтамжтай явуулдаг судалгаанаас гадна Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж дүнгийн тайланг танилцуулсан. Манай Улс энэ жил Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар анх удаа ард нийтээрээ хэлэлцэж, Зөвлөлдөх санал асуулга явуулсан нь энэ юм. Тэгэхдээ Үндэсний статистикийн хороо Монгол Улсын хуулийн хүрээнд санал асуулгын судалгааг бэлтгэж, мэдээлэл цуглуулах ажлыг хэрхэн явуулснаа тухайн үед нээлттэй мэдээлж, үр дүнг нь танилцуулж байсан.  Үндэсний статистикийн хороо Дэлхийн болоод Азийн улс орнуудын статистикийн байгууллагуудтай энэ зэрэгцэн ажиллаж байгааг гаднын төлөөллүүд ч хэлж байсан.
Энэ онд хийсэн томоохон ажлуудын нэг нь тус байгууллага статистик мэдээллээ олон нийтэд хүргэх тал дээр анхаарлаа хандуулж энгийн, ойлгомжтой, шуурхай байх талаас нь ажиллаж эхэлснийг дээр дурдсан. Тухайлбал, гар утас таблетад зориулсан 1212.mn аппликейшн гаргаж, www.1212.mn Статистикийн мэдээллийн нэгдсэн санг шинэчилж статистик мэдээллийг илүү хялбар авах боломжийг бүрдүүлжээ. Мөн Үндэсний статистикийн хороо үнэ төлбөргүй мэдээлэл авах номын сан, Дата лаб буюу мэдээллийн нээлттэй лабораторийг байнга ажиллуулж байгаа бөгөөд. Нэгдсэн мэдээллийн сангаа шинэ сонирхолтой тоон үзүүлэлт, статистик мэдээллээр баяжуулж байгаа юм байна.

Тогтвортой хөгжил-Статистик

Үндэсний статистикийн хорооны вэб сайтад байрлах “Тогтвортой хөгжлийн зорилго” гэсэн хэсгийг анзаарч харсан уу. Мөн гадаа гудамж талбайд байрлуулсан Тогтвортой хөгжлийн зорилгын талаарх мэдээллийг анзаарч харсан бол энэ бүгд хоорондоо уялдаа холбоотой. Тэр дундаа статистиктай илүү уялдаа холбоотой. Дэлхийн улс орнууд хөгжил, дэвшлээрээ өрсөлдөж нийгэм эдийн засгийн хувьд батжин зогсохыг илүүд үзэж байгаа. Үүний тулд тухайн улс зөв хөгжиж байгаа эсэхээ, улс орны удирдагчдын гаргасан бодлого шийдвэр ард олны амьдралд хэрхэн наалдаж бодитой хэрэгжиж байгааг хэмжихийн тулд, нэн тэргүүнд тулгамдаж буй асуудал нь юу болохыг тогтоохын тулд тоо баримт ашиглах шаардлага тулгарч байгаа юм. Ингэснээр сая алдаа, оноогоо дэнслэх асуудалд бодитой, ул суурьтай хандах, улс орноо зөв замаар тогтвортой хөгжиж байгаа эсэхийг тогтоох гол үзүүлэлт нь статистик болох юм.
Тогтвортой хөгжлийн талаар дэлхий нийт тэртээх 1995 оноос ярьж эхэлсэн түүхтэй. Энэ нь яван явсаар өнөөдөр манай улсад яригдаж байгаа билээ. “Тогтвортой хөгжил -2030 хөтөлбөр”-ийг анх 2012 онд Рио Де Жанейро хотод улс орнуудын төрийн тэргүүнүүд оролцсон НҮБ-ын “Тогтвортой хөгжил” бага хурлын үеэр санаачилсан аж. Өөрөөр хэлбэл, энэ нь 2015 онд хэрэгжилтийн хугацаа нь дуусгавар болж буй “Мянганы хөгжлийн зорилтууд”-ын үргэлжлэл. 2015 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулган болж, Тогтвортой хөгжлийн зорилтын 17 зорилго, 169 зорилтыг баталж, 2016 оны 1 сарын 1-нээс “Тогтвортой хөгжлийн зорилго” (ТХЗ) албан ёсоор дэлхий нийтээр хэрэгжиж эхэлсэн. Үүнийг манай улсад ч бас хэрэгжүүлж буй. 2000-2015 онд дэлхий нийтээр хэрэгжүүлсэн Мянганы хөгжлийн зорилт нь улс орнуудын өмнө тулгарч буй бүх саад, бэрхшээлийг хамруулаагүй гэж үзэж болно. Тодруулбал, Мянганы хөгжлийн зорилтоор нийгмийн асуудлыг түлхүү хамруулсан бол Тогтвортой хөгжлийн зорилтоор нийгэм, эдийн засаг, байгаль орчин зэрэг хүн төрөлхтний өмнө тулгарч буй асуудлыг бүхэлд нь хамруулж буйгаар онцлог. Тогтвортой хөгжлийн зорилттой холбоотойгоор Үндэсний статистикийн хороо “XXI зууны статистикийн хөгжлийн төлөөх түншлэл” буюу “PARIS 21” байгууллагатай хамтран “Тогтвортой хөгжил -2030” чадавх бэхжүүлэх” сургалт, семинарыг зохион байгуулсан аж. Мөн НҮБ-ын Хүн амын сантай хамтран “Дэлхийн болон үндэсний түвшний “Тогтвортой хөгжлийн зорилт, түүний хэрэгжилтийг дүгнэхэд орон нутгийн үүрэг оролцоо” сургалт, семинарыг явуулжээ. Үүнтэй холбоотойгоор энэ сарын 13, 14-ний өдөр “Тогтвортой хөгжил-Статистик” үндэсний анхдугаар чуулганыг зохион байгуулах гэж байгаа юм байна. Чуулганд гадна, дотнын хамтарч ажилладаг байгууллага, яам тамгын газар, агентлаг, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл зэрэг статистикийн анхан шатны мэдээлэл өгдөг, түүнийг цуглуулдаг Монгол Улсын өнцөг булан бүрээс статистиктай холбоотой оролцогч хамрагдах аж. Үндэсний чуулганаар Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийг хангахад статистикийн үүрэг, оролцоо, сорилт, боломж, уламжлалт бус мэдээллийн хэрэглээ, статистикийн тухай хуулийн талаар нэгдсэн болон салбар хуралдаан болох юм байна. Үүнээс гадна яам агентлаг хоорондын статистик мэдээлэл солилцооны асуудлаар ч ярилцах аж. Өнөөдөр манай улсын төрийн байгууллагууд хоорондоо хамааралтай болон адил мэдээллийг тус тусдаа давхардуулан боловсруулж байна. Үүнийг арилгаж нэгдсэн нэг мэдээллийн сан, Биг дата сантай болох нь чухал ач холбогдолтой тул энэ талаар ч ёуулган дээр ярилцах аж. Мөн өмнө нь хэрэгжүүлж байсан хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүн давуу болон сул тал түүнээс авах сургамж зэргээр өмнөх ажлаа дүгнэж дараагийн “Тогтвортой хөгжил 2030 он” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хэрхэн анхаарах, нэн түрүүнд ямар асуудал шийдвэрлэх зэргийг судалгаа, үнэлэлт, дүгнэлттэй ярилцах юм байна.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага