Хэрэв маргааш дайн болбол-2
2017 оны 8 сарын 7
Хонконгийн “Wenweipo” сонинд Хятадын блогчин Liqiu Yue-гийн бичсэн “Ирэх 50 жилд Хятад улсын хийх ёстой зургаан дайн” гэсэн нэртэй нийтлэл гарсан билээ.  Нийтлэлийн хариу болгон ОХУ-ын Буриадын сэтгүүлч Сергей Басаевийн бичсэн “Хэрэв маргааш дайн болбол” нийтлэлийн үргэлжлэлийг орчуулан хүргэж байна. 
Хятадын хийх ёстой зургаан дайны эхнийх нь Тайванийг нэгтгэх дайн. Хятадын арми АНУ болон тэдний холбоотнуудад (Тайвань, Япон, Өмнөд Солонгос) бүр мөсөн ялагдах хувилбарыг авч үзье. Вьетнам, Филиппин, Энэтхэг, Индонез зэрэг орон холбоотнуудад газар нутгаа цэргийн бааз болгон ашиглуулж, хэрэгцээт зүйлээр бүрэн хангах тул тэд агаарт ч, далайд ч илт давамгайлан, Тайваньд буусан Хятадын десантыг дор нь устгаад зогсохгүй Өмнөд Хятад дахь цэргийн баазуудыг сөнөөх нь гарцаагүй. Тэгвэл Тайвань, Америк улсууд Хятадын өмнөд хэсгийг эзлэн, Хятад орон капиталист Өмнөд, коммунист Хойд гэсэн хоёр хэсэгт хуваагдана.

Хятадын түүхийг харваас “Нэгдмэл улс, агуу гүрэн”-ий үе нь улс орон хүч сульдан буурч, газар нутгаа захирч чадахаа байж эхлэнгүүт заавал таран бутралт, задралтын үеэр солигдсон байдаг. Энэ үед байнга иргэний дайн гарч, улс орон нь хоёр, эсвэл хэд хэдэн улсад хуваагддаг. Мөн Хятадын түүхэнд эрх чөлөөт үе болон “зэрлэг нүүдэлчдийн эрхшээл” гэсэн хоёр үе ээлжилдэг. Гэхдээ сүүлийн мянган жилийн түүхийг харахад Хятад нэгдэж, бусад орныг эзлэн дагуулсан үе нь заавал нэг нүүдэлчин улсад эзлүүлсэн үед нь тохиолдож байв. Киданы Ляо, Монголын Юань, Манжийн Чин гүрний үед тийм байлаа. Тэгвэл орчин үед тэр зэрлэг нүүдэлчдийнх нь үүргийг Хятадын коммунистууд гүйцэтгэж байна. Коммунистууд иргэний дайн, Японы түрэмгийллийн дараа ЗХУ-ын тусламжтайгаар Өмнөд Хятад, Манжуур, Түвд, Дорнод Туркестаныг нэгтгэн Нэгдмэл Хятад орныг байгуулсан. Өнгөрсөн зууны 20-40 оны үед одоогийн Хятадын нутаг дэвсгэр Юань Ши Кай-гийн хаант улс, Бүгд Найрамдах Хятад, Зөвлөлт Хятад болон Манж-го, Түвд, Дорнод Туркестан, Японд эзлэгдсэн колони зэрэг хэд хэдэн хэсэгт хуваагдсан байв. Тэгвэл одоо Түвд, Манжуур, Дорнод Туркестан, Өвөрмонгол Хятадын бүрэлдэхүүнд оржээ. Харин Гадаад Монголын нутаг дэвсгэрт Оросын тусламжтайгаар тусгаар тогтносон Монгол улс байгуулагдсан. Гадаад Монголын зарим хэсэг буюу 1914 онд Урианхайн хязгаар гэгдэж байсан одоогийн Тува ЗХУ-ын бүрэлдэхүүнд орсон бол Тайвань арал Америкийн тусламжтайгаар Гоминьданы залгамжлагч, Хятадын Бүгд Найрамдах Улс нэртэйгээр байж байна.

Харин одоо эдийн засгийн хувьд цэцэглэн хөгжсөн, Америкаар хамгаалуулсан “Азийн луу” Тайванийг хятадууд 2020 онд эзэллээ гэж бодоод үзье. Хятадын ардын чөлөөлөх арми эзэлсэн ч бай, тайванчууд айгаад бууж өгсөн ч бай ямар ч гэсэн Хятад эзэлж. Харин  хятад коммунистууд Тайванийг нэгтгэснээр нутагт нь Хонконг, Макаогийн адил бас нэг капиталист муж нэмэгдэж, Капиталист Өмнөд, Коммунист Хойд гэж хуваагдах аюул улам ихсэж байгааг сайн ойлгохгүй байгаа бололтой. Капиталист Өмнөдөд хойд нутгийн хятадуудыг орохыг хориглодог Хонконг, Макаогоос гадна сүүлийн үед үсрэнгүй хөгжиж байгаа Шанхай, Гуанжоугийн бүс нутаг орж байна. Өнөөдөр Хятадын Коммунист намын нэр нөлөө буурсаар байгаа нь илт мэдэгдэж, Хятадын түүхэнд уламжлал болсон ээлжит нэгэн сульдаж доройтсон гүрэн шиг болоод байгаа нь харагдаж байна. Яг л Манжийн Чин, Монголын Юань гүрэн шиг. Тэгвэл улс орон дотор капиталист бүс нутгууд (Хонконг, Тайвань, Гуанжоу, Шанхай, ялангуяа Тайвань) байх нь үзэл бодлын ялгаа, сөргөлдөөн тэмцлийн үндэс болж, дотоодод хувьсгал, бослого гаран, Хятад улс хоёр нийгмийн систем-хоёр орон гэсэн системээр удахгүй хуваагдах шалтгаан болж өгнө.

Сонирхолтой нь Хятадын хийх ёстой зургаан дайны эхнийх нь яаж ч төгссөн байсан Хятад улс өөрөө задрах нь ойлгомжтой болж байна. Хятад ялсан ч ялагдсан ч задарна гэсэн үг. Тэгэхээр Вьетнам, Филиппин, Малайзаас Спратли арлыг буцаан авах хоёр дахь дайн болтол Хятад өөрөө алга болчихсон байж болох.

Хятад орон Өмнөд Хойд болон задарсны дараа Хятадын “зэрлэг” гэж нэрлэдэг зах хязгаарт тусгаар тогтнолын төлөө хөдөлгөөн гарна. Юуны өмнө энэ нь БНХАУ-ын Түвдийн автономит дүүрэг (Гадаад Түвд), одоогийн Хөхнуур, Сычуань, Юньнань (Өмнөд Түвд) мужуудын ихэнх нутаг дэвсгэр орж байна. Энд XVII зуун хүртэл дараа нь 1913-1950 оны хооронд тусгаар тогтносон Түвд улс оршин тогтнож байсан юм. Үүнээс гадна эрт орой нэгэн цагт тусгаар улс байгуулах гэсэн Уйгарын үндэсний үзэлтнүүдийн мөрөөдөл биелнэ. Одоогийн Шинжаан Уйгарын автономит дүүрэг буюу хуучны Дорнод Туркестанд олон үндэстний лалын улс үүсэх болно.

Ар, Өвөр монголчууд нэгдэж, Нэгдсэн Монгол улс байгуулагдах боломжийг ч үгүйсгэж болохгүй. 1914 онд Хиагтад Оросын хаант засаг Хятадын хооронд байгуулсан гэрээ ёсоор Манжийн Чин улсын бүрэлдэхүүнд байсан Монголын дөрвөн аймгийг (Засагт хан, Түшээт хан, Сэцэн хан, Сайн ноён хан аймаг) Гадаад Дотоод гэж хоёр хуваасан билээ. Тэр үед Гадаад Монголд автономит эрх олгосон бөгөөд дараа нь тусгаар тогтносон Монгол Улс болж, 1924 онд БНМАУ байгуулагдсан. Харин монголчуудын гуравны хоёр нь амьдардаг Өвөрмонгол Хятадын бүрэлдэхүүнд орсон юм. Түүнээс гадна Хятадын бага ястантай Ниншя-Хотонгийн өөртөө засах орон, Гуанши-Жуангийн өөртөө засах орон зэрэг бусад нутагт, ялангуяа одоо болтол тусдаа засаг захиргааны нэгж байхгүй байгаа 10 сая хүн амтай манжуурууд ч тусдаа гарахыг оролдож эхлэх нь гарцаагүй. Гэхдээ Хятад Хойд Өмнөд гэж хуваагдаад, Хойд нутагт нь одоогийн коммунист дэглэмээс илүү хатуу ширүүн дэглэм тогтвол манжуурууд тусгаар тогтнох боломж бараг алга болно. Харин Нэгдсэн Монгол Улс байгуулагдах эсэх нь гадаад хүчин зүйлсээс тэр дундаа мөхөн сөнөж байгаа коммунист Хятадыг хуваахад Орос орон хэр идэвхтэй оролцохоос хамаарна.

Хятад улс задарсны дараа ээлжит үймээн самууны үе эхэлнэ. Магадгүй Хойд Өмнөд хоёр байлдаж ч болно (Солонгос хувилбар). Дайн дуусаж, хоёр нийгмийн систем-хоёр улс систем албан ёсоор тогтосны дараа Өмнөд хэсэг нь эдийн засгийн үсрэлттэй хөгжилд орж, Америкийн тусламжтайгаар одоогийн Япон, Өмнөд Солонгос шиг Азийн супер луу болж хувирна. Гэхдээ Хойд Хятадын коммунист дэглэмийг унагаахыг хэн ч яарахгүй, харин Хятадын бүх хөгжил Капиталист Өмнөд, Коммунист Хойдын өрсөлдөөн болж хувирна.  Хятадын түүхийн үечлэл ёсоор дараа нь дахиад Нэгдсэн Хятад орны үе эхлэх ёстой. Нэгдсэн Хятадыг Өмнөдүүд байгуулах болов уу. Хэрэв Хойд коммунистууд ялбал энэ нь эдийн засгийн хөгжлийн хувьд улс орныг хоцрогдолд хүргэнэ. Мөн Хятад бага үндэстнүүдээ дарамтлах шинэ түрэмгийлэл эхлүүлнэ. Харин ардчилсан Өмнөд Хятад ялж, улс орноо нэгтгэвэл Хятад газар нутгийн маргаануудаас татгалзаж болох юм. Учир нь тэд Японтой Ази номхон далайн бүс нутагт тэргүүлэх, Япон, Германтай дэлхийн хоёрдугаар том эдийн засагтай улс болохоор өрсөлдөхөд гол анхаарлаа хандуулах болно.

Тэгвэл Америк Хятадын асуудлыг ингэж шийдэж байхад ОХУ, Сибирь, Буриадын үүрэг роль ямар байх вэ? Одоогийн ОХУ-ын хөгжлийн хэд хэдэн хувилбар байна. Үүнд, ойрын ирээдүйд Урал, Сибирь, Алс Дорнодыг Оростоо хадгалан үлдэх, Уралын нуруунаас цааш ОХУ-ын нутаг дээр Сибирийн БНУ, Алс Дорнодын БНУ гэх мэт хэд хэдэн тусгаар тогтносон улс үүсэх, НҮБ, АНУ-ын удирдлаган дор Сибирь, Алс Дорнодод хэд хэдэн улс үүсэх гэсэн гурван хувилбар бий. Аль ч хувилбарт ОХУ болон түүнийг залгамжлагч улсуудын гол үүрэг нь Сибирийн эрчим хүчний эх үүсвэр, байгалийн баялагт хятадуудыг оруулахгүйд оршиж байна. Энэ нь ч өөрийн төдийгүй Америкийн ашиг сонирхолтой таарч байгаа. Хятад улс Тайвань, Америктай дайтвал Орос Америкийн цэрэгт газар нутгаа ашиглуулж болох юм. Магадгүй дайнд шууд оролцон, дайны дараа Хятадын газар нутгийг хуваахад оролцож болох. Байдал яаж эргэсэн ч Оросын хувьд Хятад гол аюул болж, Америк гол холбоотон байх болно. Хятад хуваагдаад хоорондоо сөргөлдөж, Америк Хятадын асуудлыг шийдэх гээд завгүй байх нь Орос өөрийн газар нутгийг бүрэн бүтэн хадгалах гол нөхцөл болно.

Одоохондоо Хятад агуу дайныхаа хөтөлбөр ёсоор хөршүүддээ болон Америкт байн байн  анхааруулга, сануулга өгөөд сууж байна. 2013 оны 12 дугаар сарын эхээр Хятад Дорнод Хятадын тэнгист агаарын хилээ өргөтгөж, дэлхий дахинд энэ бүсээр явж байгаа бүх нисэх онгоц, усан хөлөг Хятадад илтгэж, маршрутаа мэдэгдэж байх ёстой гэж зарлан, дагахгүй бол хамгаалах арга хэмжээ авна гэж сүрдүүлсэн. Хамгаалах гэдэг нь нэг үгээр бол хил зөрчигчдийг сөнөөж, унагаана гэсэн үг. Гэсэн ч Америк, Япон, Өмнөд Солонгос сүрдүүлгийг тоолгүй энэ бүсэд Хятадад хэлэлгүйгээр цэргийн онгоцоо илгээсээр байна. Бээжин одоогийн байдлаар энэ “хил зөрчигчид”-ийг барих, устгах гэж оролдолгүй, Хятадын нутаг дэвсгэрт нэвтрэхийг хүлцэж чадахгүй гэж мэдэгдсээр байгаа. Дорнод Хятадын тэнгис дэх одоогийн байдал “Хятадын сүүлийн анхааруулга” гэдэг (өмнөх дугаарт гарсан) 50-60 оны үеийн хошин шогийг санагдуулж байна. Инээд л хүрэх юм даа…

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага