“Шилдэг эдийн засгийн нийтлэл”-ийн уралдааны ялагчид тодорлоо
2017 оны 7 сарын 3

Монголбанк сэтгүүлчдийн дунд эдийн засгийн нийтлэлийн уралдааныг тогтмол зохион байгуулснаар эдийн засгийн хүрээний сэдвийг сонирхох сэдлийг төрүүлэх, мэргэшсэн эдийн засгийн сэтгүүлчдийг дэмжих, тэдний бүтээлийг олон нийтэд хүргэхээр зорьж байна.

2017 оны II улирлын уралдааныг “ҮНИЙН ТОГТВОРТОЙ БАЙДАЛ”” сэдвийн хүрээнд (Материал хүлээн авах хугацаа: 2017.05.17 – 06.17, шалгаруулалт 2017.06.30-15.00 цагт) зохион байгуулж, эхний 2 байрын эзнийг тодрууллаа. Уралдааны ялагчдад шагналыг Монголбанкны ОНБМТ-ийн захирал Б.Одонтунгалаг гардуулав.

Нийтлэлийн уралдаанд дараах 2 бүтээл шагналт байранд шалгарлаа:

/Жич: Уралдаанд ирүүлсэн бүтээлийн тоо болон чанарын түвшнөөс хамааран 3-р байрын эзнийг тодруулаагүй болно/

Тус уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг дараах шалгуур үзүүлэлтийг үндэслэн 2 үе шаттайгаар шалгаруулав:

Ерөнхий шаардлага Оноо
Цаг бартимтлал 10
Үгийн тоо /800-1000 үг/ 5
Бичгийн стандарт /Фонт, үсгийн хэмжээ, маржин…/ 5
Нийтлэлийн ерөнхий шалгуур
 Үнийн тогтвортой байдлын ач холбогдлыг тодорхойлсон байдал  10
 Төв банк ба үнийн тогтвортой байдал  10
 Нийтлэлийн чанар
 Үг үсгийн алдаа  5
 Найруулга зүй  5
 Логик дэс дараалал  10
 Судалгаа/Тоо баримт ашигласан байдал  10
 Энгийн ойлгомжтой байдал  10
 Уншихад сонирхолтой байдал  10
 Оригиналь санаа 10
Нийт 100

Цаашид Монголбанк сэтгүүлчдийн дунд “Шилдэг эдийн засгийн нийтлэл” уралдааныг улирал бүр тодорхой сэдвийн хүрээнд зохион байгуулж, Төв банкнаас сэтгүүлчдэд чиглэсэн нэр хүндтэй уралдаануудын нэг болгохоор зорьж байна. Энэ удаагийн нийтлэлийн уралдаанд бүтээлээ ирүүлсэн сэтгүүлчдэд Монголбанкны зүгээс талархал илэрхийлэхийн зэрэгцээ цаашдын нийтлэлийн уралдаануудад идэвхтэй оролцохыг урьж байна.

Нийтлэлийн уралдаанд шалгарсан материалууд.

Тэргүүн байр: Newsmedia.mn сайтын сэтгүүлч Г.Батзориг

Эдийн засгийн сэргэлтийн жилүүдэд төв банк инфляцийг хэрхэн “чөдөрлөх” вэ?

Анх 2000 оны дундуур оюутан болж байсан залуус сайн мэдэх байх. Тухайн үед сургуулийн дотуур байранд суурьшиж, сар бүр гэрээс гуйвуулах 20 мянган төгрөгөөр под хийтэл амьдарчихдаг байлаа. Хэдэн кг мах, гурил, будаа, хүнсний ногоо нөөцлөөд авчихвал сэтгэл амарч, өлсөх зовлонгүй төгссөн юм даг. Харин одоогийн оюутнууд 20 мянган төгрөгөөр юу авах бол. Үрэлгэн нэгэн 2-3, хэмнэж чадсан нь 4-5 хоног тэсч байна. Энэ бол инфляцийн хор хөнөөл юм. Хүүхдээ дээд сургуульд сургана хэмээн тав, гурван “цаас” цааш хийж, тэтгэвэрт гарсны дараа хэрэглэнэ хэмээн цалингаасаа багахан ч болов хурааж байгаа хүний мөнгөнөөс инфляци ямар ч зөвшөөрөлгүйгээр хумсалж орхидог. Тухайлбал, инфляци жилийн 15.1 хувь байвал тав хүрэхгүй жилийн дотор юмны үнэ хоёр дахин үнэтэй болно. Тийм ч учраас зарим улсын тэргүүн инфляцийг дээрэмчинтэй зүйрлэсэн нь зүгээр нэг сэтгэлийн хөөрлөөр хэлчихсэн үг биш.

Иймээс улс орны төв банкууд инфляци буюу үнийн түвшинг тогтвортой барихад онцгойлон анхаардаг. Ялангуяа, эдийн засаг нь тогтвортой өсөхийн хэрээр инфляцийг нам түвшинд байлгахад толгойгоо илүүтэй гашилгаж байдаг. Уг нь инфляцийг барих үйлдэл нь амархан л даа. Төв банк бодлогын хүүгээ нэмэгдүүлээд боллоо. Ингэснээр зах зээл дэх мөнгөний урсгал татарч, инфляци хүссэн хүсээгүй номхон хүлцэнгүй болоод ирнэ. Өнгөрсөн намар манай улсад дифляци үүссэнийг хэн хүнгүй мэднэ. Энэ нь өрхийн хүнсний хэрэглээнд хамгийн их жин дардаг мах, ногооны үнэ эрс хямдарснаас үүдэлтэй байв. Худалдан авалтыг нийлүүлэлт нь давснаар үнэ хямдарч, дифляци үүсэх суурийг бүрдүүлдэг. Тухайн үед тарган хонины гулуузыг 70 мянган төгрөгт багтаагаад авчхаж байлаа. Ийм байхад орой бүр тогоо дүүрэн мах чанаж зооглоод байсан ч болох биз. Тэгэхээр инфляци нам түвшинд байх нь их ашигтай байгаа биз. Бас инфляцийг бууруулах үйлдэл нь амархан. Нэг шийдвэр гаргаад боллоо. Ингэхээр төв банк инфляцийг бага түвшинд барихад анхаараад байвал болоо юм биш үү.

Харамсалтай нь тийм боломж байхгүй. Хэдийгээр инфляци бага байх нь сайхан, бууруулах үйлдэл нь амархан ч эдийн засгийн өсөлт хэмээх инфляциас дутахгүй чухал зүйл бий.

Аливаа эдийн засагт мөнгөний урсгал нэмэгдэж байж бизнесийн үйл ажиллагаа идэвхжиж, үйлдвэрлэл явагдаж, хүмүүс ажилтай болж, орлогоороо худалдан авалт хийж эдийн засгийг идэвхжүүлдэг. Үүний дүнд төр татвараа бүрдүүлж, бодлогоо хэрэгжүүлж, тэтгэвэр тавьж, нийгмийн эмзэг бүлгээ тэтгэн дэмждэг. Иймд эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах нь улс орны нэн тэргүүний зорилт байхаас өөр аргагүй. Ийм учраас инфляцийг тогтвортой барих, эдийн засгийн өсөлтийг хангахад төв банкнаас маш торгон мэдрэмж, бодлого шаарддаг.

Өнгөрсөн хугацаанд төв банк дээрхтэй холбоотой хүнд шийдвэрүүдийн өмнө олон удаа тулж ирж байв. Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын нөлөөгөөр 2011-2012 оны үед 17 хувийн өсөлт үзүүлж байлаа. Энэ нь дэлхийд гайхагдах маш сайн үзүүлэлт боловч эдийн засгийн өндөр өсөлтийг дагаад инфляци 14 хувь давсан. Мөн өнгөрсөн Засгийн газрын үед төв банкнаас олон их наяд төгрөгийг барилгын салбар болон бусад төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулсан. Энэ нь эдийн засгийн хямралыг сааруулж, өсөлтийг тогтоон барих гэсэн бодлоготой уялдаатай боловч “ногоон”-ны ханшийг чангаруулах нэг шалтгаан болсныг хүлээн зөвшөөрөх учиртай. Мэдээж энэ тохиолдолд төгрөгийн үнэ цэнэ буурна. Импортоос хэт хамааралтай манай улсын хувьд илүү өндөр өртөгтэйгөөр бүтээгдэхүүн худалдан авах шалтгаан болно.

 

“Юмны үнэ өссөн бол эргээд буурна гэж байхгүй шүү” хэмээн та хэзээ нэгэн цагт үглэж байсан биз. Инфляцийн нэг том хор уршиг нь энэ. Нэгэнт инфляци өндөр түвшинд тогтчихвол бууруулахад тун түвэгтэй болчихдог. Инфляци өндөртэй байсан улсууд ерөнхийдөө өндөртэйгөөрөө үлддэг. Индонези, Чили зэрэг цөөн улс өндөр инфляциа бууруулж чадсан жишээ байдаг ч өндөр инфляцитай улсуудын инфляци улам гаарсан байдаг. Иймээс инфляцийг аль болох нам түвшинд байлгах, үүний тулд эдийн засгийг урт хугацаанд аажим аажмаар тогтвортой өсгөх шаардлагатай аж. Үүнтэй холбоотой нэг жишээ дурдвал, өндөр хөгжлөөр гайхуулагч Сингапурын эдийн засгийн жилийн дундаж өсөлт 8.1 хувьд тогтвортой явж иржээ. Тэд манайх шиг эдийн засгаа гэнэт 17 хувь өсгөж, хэдхэн жилийн дараа эргээд 1-2 хувь болтол унагасангүй. Харин 8.1 хувь гэсэн өсөлтийг ганхуулалгүй тогтвортой бариад яваад байжээ. Үүний дүнд тус улсын 40 жилийн дундаж инфляци ердөө 3.2 байх жишээтэй.

 

Үүнтэй холбоотойгоор бидний өмнө тулгарах дараагийн том сорилт тодорхойлогдоно. Тодруулбал, Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Бид Валютын сангийн түүхэнд тухайн улсын ДНБ-тэй нь харьцуулахад хамгийн өндөр дүнтэй санхүүжилт авна. Манай улсын ДНБ 10.5 тэрбум ам.доллар. Тэгвэл валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд 5.5 тэрбум ам.долларын зээл авч байна. Иймд 2019 он гээд хөтөлбөр дуусахад Монгол Улсын гадаад болон дотоодын өрийн хэмжээ өнөөгийнхөөс нэг их бууж чадахгүй. Иймд бид өрийн удирдлагын тогтвортой байдлыг хангах ямар гарц харж байна гэвэл эдийн засгаа хурдтай томруулна. 2016 онд манай ДНБ 24 орчим их наяд төгрөг байсан бол 2020 он гэхэд 40 их наядад хүргэх шаардлага гарна. Өрийн хэмжээ буугаагүй боловч эдийн засаг 60 орчим хувьтай томорчихвол өрийн удирдлагын тогтвортой байдал бий болно. Хөгжлийн суурь бий болно гэсэн тооцоо хийсэн” хэмээсэн. Өөрөөр хэлбэл, эдийн засгийг богино хугацаанд хурдацтай өсгөх нь ээ. Тэгвэл үүнийг дагаад нөгөө талд инфляци өсөх эрсдэл гарч ирнэ. Иймээс ирэх жилүүдэд төв банкнаас эдийн засгийн өсөлтийг хангахтай зэрэгцэж инфляцийг тогтвортой барих өндөр ур чадвар, торгон мэдрэмж шаардах нь гарцаагүй боллоо.

 

Өндөр инфляцитай улс орнууд үүнтэй үндсэндээ хоёр аргаар тэмцэж байна. Нэгдүгээрт, “Инфляцийг онилох” бодлого буюу төв банкийг инфляцийн хувь хэмжээг бага түвшинд тогтвортой барьж байх цорын ганц үүрэгтэй болгож үүнийгээ гүйцэтгэхэд ямар арга хэмжээ авах шаардлагатай байна түүнийгээ хийх бүрэн эрхээр хангах явдал. Өндөрсгөсөн эрхтэй нь уялдуулж хүлээх хариуцлагыг нь ч нэмэгдүүлнэ. Хоёрдугаарт, үндэсний валютаа гадаад валюттай уях эсвэл түүнээсээ бүрмөсөн татгалзаж тогтвортой валютыг өөрийн болгон хэрэглэх. Ингэснээр Засгийн газрын шахалт дарамтаар болон сайн дураараа төв банк мөнгө хэвлэн гаргах боломж нь механикаар хаагдана.

 

Эдгээр бодлогуудыг зарим улс дангаар, зарим нь хослуулан хэрэгжүүлж байгаа. Аль ч тохиолдолд бодлогодоо тууштай байж үүнтэйгээ зэрэгцүүлэн мөнгөний нийлүүлэлтийн хурдаа эрс багасгаж санхүүгийн сахилга батыг төсвийн бүх шатанд хэрэгжүүлж, төрийн секторынхоо нийт эдийн засагт эзлэх хэмжээг цомхтгож, хэмнэлтээс нь төрд ажиллагсдын чадвар, үр өгөөжийг нэмэгдүүлэх, түүнд нь дүйцэх нөхөн төлбөрийг олгох зайлшгүй шаардлагатай байдаг аж. Үүний үр дүнд Бразилд 1999-2006 онд дундаж инфляци жилийн 8 хувь болгож чадсан юм. Мөн Чили, Мексикт өнөөдөр инфляци мөн л буурч төв банкууд нь инфляцийг жилд 2-4 хувьд барих зорилго тавин ажиллаж байна. Манайд ямар бодлого, чиглэлээр явах нь төрийн шийдэх асуудал.

 

Эцэст нь тэмдэглэхэд, эдийн засгийн өсөлтийг хангах, инфляцийг тогтвортой барих ямар ч бодлого хэрэгжүүлсэн орхигдуулж болохгүй нэг чухал зүйл нь нефтийн хараат байдлаас салах явдал.

 

Дэд байр: “Ub.Life” сайтын сэтгүүлч Э.ХУЛАН

АЧИГЧИЙН БУРУУГААС ГААРДАГ ИНФЛЯЦИЙГ АРГАЛАХ АРГА, ЧАРГА НЬ ЮУ ВЭ?

“Инфляци ирэх оны эцэст 8 хувьд хүрэхгүй бол намайг юу ч хийгээгүйд тооцоорой” гэж Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал таван жилийн өмнө тун зоримог мэдэгдэл хэвлэлээр дайж байв(www.olloo.mn, 2012.10.11). Тухайн үед инфляцийн хэмжээ 14 хувьтай тэнцэж байсан учраас ажил, албан тушаалаа аваад удаагүй Н.Золжаргал ерөнхийлөгчийн хүчтэй мэдэгдэл олныг алмайруулж орхисон юм. Яаж гэсэн асуулттай зэрэгцээд “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” гэх нэр дуулдаж эхэлсэн ба өдгөө Та бид энэ хөтөлбөрийн тухай мэдээлэлтэй болж амжжээ.

Монголбанк Үнэ тогтворжуулах хөтөлбөр нэрийн дор их наядаар хэмжигдэх төгрөг хэвлэж, мөнгөний нийлүүлэлтээ эрс нэмэгдүүлсний үр дүн богино хугацаанд ДНБ-ийг идэвхжүүлж, 2013 онд хоёр оронтой тоогоор эдийн засаг өсөж, өмнөх жилүүдийн рекордоо хадгалсан юм. Харин  үр уршиг нь үүнээс хэд дахин томорч, Монголын эдийн засгийг сөхрүүлэхэд чамгүй нөлөө үзүүлснийг шүүмжлэх эдийн засагчдын хоолой өнгөрсөн жилүүдэд чангарах тийшээ ханджээ. Эцэст нь, олон улсын банк санхүүгийн байгууллагууд “Монгол Улс төсвийн нэг бодлоготой явах учиртай” гэж удаа дараа зөвлөсний дагуу Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг зогсоосныг уншигч Та санаж байгаа байх. Үүгээр ч зогсохгүй өдгөө Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаанд шалгалт хийж байгаа юм.

Гэхдээ Монголын Төв банк л дангаар уламжлалт бус бодлого баримталж, мөнгө хэвлэж, тараасангүй.  АНУ, Их Британи, Япон тэргүүт орон 2008 оны санхүүгийн хямралын дараа мөнгөний уламжлалт бус бодлого баримталж, мөнгө хэвлэх нь ихэсжээ. Мөнгө хэвлэж, санхүүгийн хэрэгсэл буюу бонд, үнэт цаас худалдаж авах тренд одоо ч эрчээ алдаагүй байна. Хамгийн гол нь, Монголын Төв банк инфляцийг бууруулах зорилготойгоор мөнгө хэвлэсэн бол, Япон тэргүүт орон эдийн засгаа идэвхжүүлж, дефляциас гарахаар чармайж буйгаар ялгарч байгаа юм.

Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн алдаа ба оноо

Замын-Үүд боомтын ачигчид жимс, жимсгэнийг хайр гамгүй шидэж, бяцалж, идэхийн аргагүй болгодог учраас бүтнээрээ ирсэн жимсний үнийг өсгөхөөс өөр арга байдаггүй гэж Хүнс импортлогчдын холбооны тэргүүн Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн анхны хэлэлцүүлэгт ярьж байв. Ердөө л ачигчийн буруугаас болж инфляци гаардаг гэхээр уншигч танд инээдтэй санагдаж мэдэх юм. Гэхдээ тухайн үеийн бодит байдлын дүр зураг энэ юм. Тиймээс ч хөтөлбөрийг хэрэгжүүлж, тээвэр ложистикийн асуудлыг шийдэх нь Төв банкны зорилт болж хувирсан байлаа. Ингээд мөнгө хэвлэн, тараах аянд Монголбанк нэгдэн оржээ.

Хүнс, барилга, тээвэр гэх мэт салбар бүрийн төлөөлөлтэй, Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн анхны хэлэлцүүлэгт оролцсон эрхмүүд  их наядаар хэмжигдэх төгрөг хэвлэж, ам.долларын ханшийг чангатгах том хөтөлбөрийн шанг татаж буйгаа тухайн үед мэдээгүй гэдэгт итгэлтэй байна. Учир нь нийлүүлэлтийн гаралтай буюу тээврийн үнэ өндөр байдагтай холбоотойгоор өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ огцом өсдөг гэсэн “онош”-ийг Төв банкны эдийн засагчид тавьсан нь бодит байдлын дүр зураг байсныг дээр дурдсан. Нэг л өглөө сэрэхэд гурилын үнэ 100, талхны үнэ 50 төгрөгөөр өсчихдөг байсны буруутныг бүгдээрээ нийлээд шатахуун руу чихдэг байсныг уншигч Та ч мартаагүй биз ээ.

Үүний зэрэгцээ Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг одоогийнхтой харьцуулахад тэнгэр, газар шиг ялгаатай байжээ. Бөмбөрцөг дэлхийд эдийн засгийн өсөлтөөрөө цойлж явсан Монгол Улсын макро эдийн засгийн үзүүлэлтүүд урьд өмнө байгаагүй гайхамшигтай байсныг тоон дүнгүүд гэрчилдэг.

СТАТИСТИК

  • 2012 оны эцсийн байдлаар Монголбанкны гадаад валютын албан нөөц 4.1 тэрбум ам.долларт хүрч, рекорд тогтоов. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 68.4 хувиар өссөн дүн байдаг. Харьцуулахад, өнгөрсөн оны эцсийн байдлаар Монгол Улсын сан хөмрөг ширгэж, гадаад валютын албан нөөц 1.2 тэрбум ам.долларт хүрчээ.
  • 2012 оны эцсийн байдлаар Монгол Улсад орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 4.4 тэрбум ам.доллартай тэнцсэн нь өмнөх оны мөн үеэс 265 сая ам.доллараар буурсан дүн байв. Харьцуулахад өнгөрсөн оны эцсийн байдлаар 4.1 тэрбум ам.долларын алдагдалтай байгаа юм.

Энэ мэт эерэг үзүүлэлт, “эмнэлгийн оношийг” өмнөө барьсан Монголбанк инфляцитай дайн зарлаж, үнийг бат нот тогтворжуулах хөтөлбөрийг боловсруулжээ. Үр дүнд нь дэлхийн зах зээлд түүхий нефтийн үнэ шалдаа бууж байхад Монголын шатахуун түгээх станцууд АИ-92 маркийн бензинийг 1580 төгрөгөөр гурван жил дараалж борлуулсныг Та бид сайн мэднэ. Ердөө нэг жилийн дотор байрны үнэ 20.5 хувиар өссөн байдгийг Монголбанкнаас танилцуулдаг Орон сууцны үнийн индексээс ЭНД дараад, хялбар харж болох юм. Энэ өсөлт 2014 оны эцсээс эхэлж тасралтгүй уруудсан байдаг. Хамгийн гол нь, Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн үр дүн анхны тооцооллоос халиад, барилгын салбарт гэхэд л хөөс үүсгэснийг Та харж байна.

Монголбанкнаас албан ёсны мэдээлэл хараахан өгөөгүй боловч УИХ-ын гишүүн Т.Аюурсайханаар ахлуулсан ажлын хэсгийн шалгалтын дүнгээр Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд 4.8 их наяд төгрөг зах зээлд нийлүүлсэн гэх мэдээлэл бий. Өөрөөр хэлбэл, төдий хэмжээний төгрөг хэвлээд, мөнгөний нийлүүлэлтээ нэмэгдүүлсэн гэсэн үг. Үүний 3.7 их наяд төгрөгийг барилгын салбарт зарцуулжээ. Ингээд үнийг тогтвортой байлгахаар онилсон Монголбанкны бодлого бодит амьдралд хэрэгжихдээ буруу эргэлт хийснийг Та бид харж байна.

Мөнгө хэвлэх бодлого ба Япон, АНУ-аас авах сургамж

Үнэндээ мөнгө хэвлэж, эдийн засгаа эрчимжүүлэх  бодлогыг “төрүүлсэн” улс бол дефляцид идэгдсэн Япон юм. Тэд анх 2001 онд мөнгө хэвлэх замаар дефляциас гарах оролдлого хийж эхэлжээ. Японы Төв банк шинэ мөнгө хэвлэх замаар үнэ хөөрөгдөхийг хичээдэг гэнэ. Ингэснээр зогсонги байдалд орсон эдийн засаг эргэлтэд ордог аж. Хамгийн гол нь, инфляицитай орны иргэд мөнгөө хадгалах сонирхолгүй болдог учраас бизнес эрхлэлт нэмэгдэж, эдийн засаг өсдөг аж. Харин дефляцитай үед иргэдийн хадгаламж өсөж, эдийн засаг зогсонги байдалд ордог аюултай юм байна. Тиймээс л Японы Төв банк дефляциас гарахын тулд мөнгө хэвлэх замаар эдийн засгаа эрчимжүүлдэг аж.

Гэхдээ мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх замаар эдийн засгаа идэвхжүүлэх бүх оролдлого санасны зоргоор амжилттай болсон гэж хэлэхэд хэцүү. Тухайлбал, 2008 оны санхүүгийн хямралын дараа АНУ-ын Холбооны нөөцийн банкны тэргүүн асан Бен Бернанке “нисдэг тэрэг” хоч автлаа мөнгө хэвлэн, тараажээ. Түүнийг шинээр хэвлэсэн “ногооноо” тэнгэрээс цацдаг гэж шоглох нь ч бий. Өдгөө ч АНУ-ын мөнгө хэвлэж, санхүүгийн хэрэгсэл худалдаж авах бодлогоо бүрэн дүүрэн халаагүй. Хамгийн гол нь, мөнгөний уламжлалт бус энэ бодлогыг зогсооход үүсэх эрсдэл их гэдэгтэй эдийн засагчид санал нэгддэг аж.

Эцэст нь, Замын-Үүд боомтын ачигч жимснүүдийг хайр гамгүй шидэж, няцалдгаас болж жимсний үнэ тэнгэрт хаддаг байсан Монголын инфляцийн бодит төрх өдгөө дефляцийн эрсдэлд орсон. Инфляцитай тэмцэхийн тулд мөнгө хэвлэж тараах уламжлалт бус арга сонгож байсан Монголбанк өдгөө уламжлалт арга барилаар ажиллана гэдгээ удаа дараа мэдэгдэж байна. Ер нь инфляцийг аргалах, арга чарга байна уу, та минь ээ.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага