Aлтаа хаших бодлого барьж, хуулиа чангатгах шаардлагатай
2017 оны 10 сарын 31

 

 

Монгол улсын алтны олборлолтын салбарын хөгжил ба “Алт” хөтөлбөр

Монголд алт олборлож эхэлсэн түүхийг сөхвөл нэлээн урт нийтлэл болно. Монголчууд газрынхаа гүн дэхь баялагт тун ч харам байжээ. Эцэг өвгөд маань үнэт металлыг газрын гадарга дээрээс  олборлон ахуйн хэрэглээндээ  ашиглаж байсан түүхэн баримтууд байдаг.

Ардын хувьсгал ялж ардын засаг төр барьж эхлэх хүртэл үнэт болон өнгөт металлын салбарт өндөр технологи олборлолт явагдаагүй юм. Социализмын аж үйлдвэржилтийн эрин үед зэс болон бусад өнгөт металлын ордуудын олборлолт жинхэнэ утгаараа хөгжиж байсан боловч алтны олборлолтын салбар харьцангуй бага байсан.  Алт болон үнэт металлыг ухаж гаргахаасаа илүүтэйгээр хайгуул хийж, нөөцийг нь тогтоож байсан түүхтэй.

Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг бүхий Социализмын нийгмээс Зах зээлийн эдийн засаг бүхий ардчилсан нийгэмд шилжих ороо бусгаа үетэй зэрэгцэн Алтны олборлолтын салбарт шинэ төвшинд хөгжиж эхэлсэн.

Бүх аж үйлдвэрээ хувьчилна аж үйлдвэржсэн социалист орноос аж үйлдвэрээ устгасан мал аж ахуйн неофеодолижсон орон болж буцан ухарсан шинэ цагийн Монгол улсад дотоодын үйлдвэрлэл гэх зүйл байхгүй болсон учир бүх бараа бүтээгдэхүүнийг экспортоор авч валютын өлсгөлөнд нэрвэгдэж эхэлсэн шилжилтийн хүнд үеийн макро эдийн засгийг ганц аврах салбар нь боловсруулалт шаарддаггүй байгаль дээр бараг цэврээр орших Алт олборлолтын салбар байсан юм.

Монгол улс Хилийн тороо ч татах төсөвгүй, дэлгүүрийн лангуун дээр давс, архинаас өөр бараа үлдээгүй учир ард, иргэд бугын чив, баавгайн донд, хүдрийн заар, гуутай бурхан тахилаа хүртэл барин урд хөршийг зорьдог болсон байв.

Энэ хүнд үед Ерөнхийлөгч П.Очирбат “Алт” үндэсний хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлснээр “Shock Therapy” буюу барууныхны шок эмчилгээ хэмээгдэх социалист лагерын орнуудын аж үйлдвэрийг хувьчилна устгах чимээгүй дайнд сөхөрсөн Монгол улсыг эдийн засгийн цочроосноос гарч нөхцөл байдлаа үнэлэх том боломжийг авчирсан.

“Алт” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн бөгөөд 1992-2012 онуудад алтны олборлолт 218.0 тоннд хүрч, 153.7 тонн алт экспортолсон байна. Харин 1992- 2000 онуудад алтны олборлолт жилдээ 4.5-10.2 тонн болон тогтвортой өсч байснаа 2000- 2005 онуудад алтны олборлолтын хэмжээ улам эрчимжин 11.8 – 24.1 тонн болтлоо өсч, оргил үедээ хүрсэн бөгөөд  алтны экспорт ч мөн өссөн байна. Алтны олборлолт нэмэгдэхийн  хэрээр экспорт ч өсч байгааг энэ тоо батална.

2005 онд алтны олборлолт 24.1 тонн, экспорт 23.8 тоннд хүрч,нийт экспортын 31.1 хувийг алтны экспорт эзэлсэн нь өнгөрсөн 20 жилийн хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Өөрөөр хэлбэл 2005 онд олборлосон алтнаас ердөө л 0,3 тонн алт Монголдоо үлджээ гэсэн үг. Алт олборлолт сүүлийн хорь гаруй жилийн дотор хурдаа авч, хүрз барьсан “нинжа” нараас эхлээд хүчит техник хөлөглөсөн алтны том үйлдвэрүүд үүд хаалгаа нээв. “Алтны магнагт” гэдэг нэр хүртэл бий болж, Үндэсний алт олборлогч “Монгол Газар”-ын Ц.Мянганбаяр, “Гачуурт”-ын Л.Чинбат, “МАК”-н Б.Нямтайшир, “Монполимет”-ийн Ц.Гарамжав гэх мэт үндэсний томоохон алт олборлогчид бий болж Монгол улсын эдийн засагт өөрсдийн байр суурь, орон зайг бий болгож өөрсдийн капиталыг бүтээсэн. Энэ бол Монголын баялаг Монголдоо үлдэж байгаа бодит жишээ.

2000-д оны дунд үеэс Дэлхийн зах зээл дээрх Алтны үнэ өсөж эхэлсэн бөгөөд үүнийг дагаад алт олборлолт эрчимтэй өсч эхэлсэнтэй холбоотойгоор тухайн үеийн Засгийн газар нэмэгдсэн үнийн зөрүүд гэнэтийн ашгийн 68 хувь татварыг бий болгосон нь Алт олборлогчийн эгдүүцлийг төрүүлж  Монголбанкд  тушаах алтны хэмжээ эрс багассан юм.

 

Эдийн засгийн цохилтоос болж хэрэгжиж эхэлсэн “Алт” хөтөлбөр алт олборлолтын салбарын хөгжил дэвшлийн шинэ үе эхлэж эдийн засагт асар их нэмэр болж байсан ч нийгэм эдийн засаг, байгаль орчинд үзүүлэх эрсдэлийг үнэлэн тооцсон хууль эрх зүй, стандартыг боловсруулаагүйгээр алт олборлолтын салбарыг эхлүүлснээр нэмэр болсон шигээ сөрөг үр дагаврыг ч багагүй авчирч байв. Алт олборлолтын салбар нь мэргэжлийн салбар биш мэдэмхийрлийн салбар болж хэн дуртай  уурхайлж эхлэв. Ордыг иж бүрэн ашиглах, байгальд сөрөг нөлөө багатай ашиглах, хууль бус олборлолт, хууль бус алтны наймаа мөн цэцэглэж эхэлсэн юм. Энэ цаг үетэй зэрэгцэн алдарт Нинжа гэх ойлголт мөн уул уурхайн салбарт бий болж , нийгэмд бүхэл бүтэн Нинжа популяци үүсэн бий болсон юм.

Алтны олборлолтын салбар хөгжиж эхэлснээр үндэсний алт олборлогч аж ахуйн нэгжүүд олноор бий болсноос гадна гадаадын хөрөнгө оруулагчид Монгол улсыг сонирхож хөрөнгө оруулж эхлэв.  Мөн Ашигт малтмалын тухай хуулийг гадаадын элдэв тусламж төслийн хүрээнд үйлдсэнээр  бодлогын томоохон алдаанууд ч гарч байв. Жишээлбэл Бороо гоулд компанитай тогтвортой байдлыг гэрээ байгуулснаар 3 жилийн хугацаанд ямар ч татвар рояалти авалгүйгээр тус ордыг сорлон олборлуулсан нь тус ордноос Монгол улсад үлдэх өгөөжийн асар ихээр буулгасан өндөр хохирол бүхий уул уурхайн хэлцээр болсон юм.

Үндэстний олборлогчид асар их нөөц бүхий стратегийн ач холбогдол бүхий томоохон алтны ордуудыг сорлон олборлох, хөрс хуулалтыг хоцроож хөрсөнд бариулах гэх мэт технологийн горим алдагдуулж өгөөжгүй болгох, улсад төлөх олон арван тэрбум төгрөгийн татвар, нөөц ашигласны төлбөрөөс зугтаан өршөөлийн хуульд хамрагдах гэх мэт нийтийн баялгийг зүй зохисгүй ашиглах явдал гарсаар ирсэн гарсаар байгаа нь хууль эрх зүйн орчин муу, ялангуяа хариуцлагын тогтолцоо сул, санкц дорой байсан нь хэргийн гол учир шалтгаан байсан юм.

 Монгол улсын алт олборлолт алтны худалдааны цаашдын хөгжил

Монголбанк алтыг Лондонгийн биржийн тухайн өдрийн үнээр авдаг болсон “Монгол Алт” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээр төв банкинд алт тушаалт сэргэж эхэлж байна. Энэ оны аравдугаар сарын байдлаар 16.8 тонн алт худалдаж авсан. Ийнхүү алт тушаалт нэмэгдсэнээр Монгол Улсын алтны нөөц ч өсөх юм. Монголбанкины хувьд энэ онд 20 тонн алт худалдан авах зорилт тавьж ажиллаж байна.

Уул уурхайн салбарт 2008-2013 онуудад хууль, эрх зүй болон татварын орчин тогтворгүй байсан нь алтны эрэл хайгуулын ажилд гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалтыг татахад сөргөөр нөлөөлжээ. Бэлтгэгдсэн шороон ордын нөөц дуус ч, цаашид шинээр томоохон нөөцтэй шороон ордууд нээгдэх магадлал бага байна. Дээрх хугацаанд олон мянган тусгай зөвшөөрөл цуцлагдаж, урт нэртэй хуульд орсон хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайнуудад ажил хийх боломжгүй болсон. Нийт тусгай зөвшөөрөлтэй талбайн хэмжээ Монголын нутаг дэвсгэрийн 40 хувийг эзэлж байснаа одоо 9.5 хувь болж, бараг 4 дахин буурсан тоо баримтыг статистикт гаргажээ. Өөрөөр хэлбэл Монголчууд алтныхаа нөөцийг үндсэндээ шавхаж байна гэсэн үг.  Монгол Улсад  2014 онд шороон ордын 27.6 тонн, үндсэн ордын 224.2 тонн, алт агуулсан бусад металлын ордын 1101.3 тонн, нийт 2000 гаруй тонны алтны нөөц бүртгэгдээд байна. Одоогоор Бороогийн алтны үндсэн ордын нөөцийг ашиглаж дууссан. Алтан Дорнод Монгол, Монголросцветмет ХХК-ийн Шижир-Алт, Монполимет зэрэг уурхайнуудын олборлолтын нөөц дуусч байгаа нь алтны олборлолтын хэмжээнд шууд нөлөөлж байна. Бэлтгэгдсэн нөөцөд шороон ордын нөөцийн эзлэх хувийн жин нэлээд бага байгаа бөгөөд цаашид эрэл хайгуул хийх боломжтой нутаг дэвсгэр нь “Урт нэртэй хууль”-ийн хязгаарлалтын бүсэд орсон тул энэ чиглэлээр нөөц өсөх боломж бага, ирэх 7-8 жилд шороон ордуудын олборлолтын ажил багасч зогсох төлөв ажиглагдаж байгааг мэргэжилтнүүд сануулж байна. Энэ нөхцөлд алтаа олборлох, олборлосон алтаа гадагшаа гаргах бус өөрсдөө нөөцлөх шаардлага тулгарч эхэллээ.  Гэвч алт хулгайгаар хил давсаар…

Хилийн боомтоор дамжуулан хууль бусаар алтаа борлуулж байна

Ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй алтны бичил уурхайчдын хувьд бичил уурхайгаар олборлосон алтны худалдааг зохицуулах эрх зүйн зохицуулалт байхгүй байна. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, бичил уурхайчид нь олборлосон алтаа Монголбанк болон Сорьцын хяналтын албаар дамжуулан бүртгүүлж, экспортод гаргаж болох бөгөөд энэ тохиолдолд алтны нөөц ашигласны татвар 5 хувь, өсөн нэмэгдэх нөөц ашигласны татвар 5.0 хувь, нийт 10 хувийг улсын төсөвт төлөх үүрэгтэй. Энэ хууль дүрмийг баримталж, баахан цаг хугацаа алдаж, дээр нь татвар татаас төлж байснаас зүгээр л алтны ченжүүдэд олборлосон алтаа өгчих нь бичил уурхайчдад хамаагүй амар. Тэгвэл эдгээр алтны ченжүүд авсан алтаа Монголбанкинд тушаадаг уу, хил давуулан борлуулдаг уу гэсэн асуултад өнөөдөр хариулт өгөх хүн алга. Алтны зуучлагч иргэд зарим тохиолдолд орон нутгийн Хятад худалдаачид болон ойролцоо хилийн боомтоор дамжуулан хууль бусаар алтаа борлуулсан хэвээр байна. Энэ нь татвар, хураамжаас зугтаах, шат дамжлагаас бэрхшээх, төрийн байгууллагуудын олон шат дамжлага, хугацаа алдах байдлаас шалтгаалан Хятад худалдаачдад өгдөгтэй холбоотой байна. Орон нутагт сорьцын хяналтын байцаагч байдаг ч сорьцын лаборатори байхгүй алт худалдан авах эрх бүхий байгууллага болох Монголбанкны салбар, түүгээр эрх олгосон арилжааны банкны салбар алтны худалдаа эрхлэхгүй байна. Одоогоор орон нутагт Монголбанкны болон Сорьцын хяналтын газрын үйлчилгээг алтны аж ахуйн нэгжүүд, бичил уурхайчид нь авах боломжгүй байгаа учраас дээрх нөхцөлөөр алтаа худалдаалж байна.

Хууль бусаар хилээр давсан алт хэдэн тоннд хүрэхийг одоогоор тооцоолж гаргаж  чадахгүй байгаа. Их хэмжээний алт хилээр гаргах гэж байгаа иргэн ямар нэгэн үгсэн тохирсон бүлэглэлгүй очно гэж байхгүй. Хилээр алтыг 40 тонны контейнерын дор гагнаж нууж гаргадаг хууль бус алт гаргадаг сүлжээ байдаг гэх ам дамжсан яриа байдаг. Мөн Лондонгийн биржийн үнээр авсан ч урд хөршид хууль бусаар гарсан алт 10 хувь илүү түүнээс ч өндөр үнээр борлогддог байна. Гаалийн илрүүлтэнд анхаарах, хилээр хууль бус алт  гаргаж байх үйлдэл дээр илрүүлж гэмээ энэ гэмт хэрэг болдог хуультай. Алт нь улсын орлого болж 5 сая хүртэлх мөнгөөр торгоод өнгөрөөдөг ийм эрхзүйн орчин одоогоор үйлчилж байна. Цаашид хууль эрх зүйн орчин дахь сул байдлыг чангатгах, гааль дээр илрүүлэх шинэ технлогожсон төхөөрөмж суурилуулах хэрэгтэй юм.

 

Хамаг алтаа олборлож гадагшаа гаргаж байгаа хирнээ Монголчуудад ганц ч алт цэвэршүүлэх үйлдвэр алга. Алт хөтөлбөрүүдэд алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах зорилт дэвшүүлсэн боловч хэрэгжээгүй байна. 1999 онд алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах талаар ХААҮЯ (хуучин нэрээр)-аас тендер зарласан боловч “Эрдэнэсийн сангийн тухай” хуулинд алт цэвэршүүлэх асуудал нь зөвхөн Монголбанкны бүрэн эрхэд хамаарах асуудал гэж заасан тул тендерийг зогсоосон байна. 2001 онд дээрх хуульд өөрчлөлт оруулж, үйлдвэр байгуулах боломж бүхий эрх зүйн орчинг бий болгосон авч энэ чиглэлээр тодорхой арга хэмжээг хэрэгжүүлээгүй өнөөдөртэй золгов.  Монгол дархчууд ээмэг бөгж хийх алтаа гаднаас худалдан авч байхад монгол алт гадагшаа урссаар.  Манайхан хэчнээн дотоодоо алтаа олборлож байгаач дотоод уран дархан байгууллагууд Хятадаас алт (сорьцийн хувьд баталгаатай биш) худалдан авч хэрэглэдэг туулийн харамсалтай дүр зураг цэвэршүүлэх үйлдвэрийн шаардлага гарч байна.

Харин монголбанк энэхүү асуудалд алсын хараагаа хандуулж эрх жилээс  дотоодод тушаасан алтаа дотоодын нөөцөө хангах бодлого хэрэгжүүлэхээр ажиллаж эхэлсэн ихээхэн сайшаалтай дотоодоос олборлосон алтаа дотоодын эдийн засгийн эргэлтэд оруулах томоохон ахиц дэвшил гарч байна. Энэ ажилд бүтцийн болон технологийн нэлээдгүй дэвшил хийх шаардлага зүй ёсоор урган гарч байна.  Наанадаж алт олборлох идэвхтэй бүс нутгуудад сорьцийн алба байгуулах, худалдаалах худалдан авах ажлыг түргэн шуурхай найдвартай болгох хэрэгтэй.

Монголд Оюутолгойг, Эрдэнтээс авахуулаад алтны томоохон ордууд байдаг. Оюутолгой бол Монголбанкинд алтаа тушаадаггүй зэсийн баяжмал нэрээр урд хөршид нийлүүлдэг. Жилдээ ам дамжсан яриагаар хамгийн доод хэмжээгээр 10 тонн алт зэсийн баяжмал нэрээр хилээр ямар ч татваргүй тайлангүй тооцоогүй үүрд гадагшаа гардаг

Монголбанк алтны ченжүүдтэй нягт хамтарч ажиллах Монголд ямар хэмжээтэй алтыг жилд олборлож байна хэд нь урагшаа, хойшоо гарч байдаг вэ? гэх албан болон албан бус судалгаа гаргах цаг болсон.

Цаашид:

Ø  Гаалийн илрүүлтэнд анхаарах, илрүүлэх шинэ технлогожсон төхөөрөмж суурилуулах

Ø  Хууль эрх зүйн орчингийн сул байдлыг чангатгах,

Ø  Монголбанк эсвэл тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд, бичил уурхайчид нь олборлосон алтаа сорьцын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаар тогтоолгож, Монголбанкид тушааж байхыг хуульчлах

Ø  Монголбанк ашигт малтмалын мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан алтны нөөцийг тогтоох нөөцдөө түшиглэсэн жилд олборлох алтны хэмжээг бусад байгууллагуудтай хамтарч төлөвлөх

Ø  Алт болон бусад ашигт малтмалаа олборлох дотоодын аж ахуй нэгжүүдэд  дотоодын арилжааны банкууд санхүүгийн тогтвортой, таатай орчноор хангах.

Ø  Алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах

Ø  Дотоодоос олборлосон Алтаар дотоодын нөөцөө хангах бодлого хэрэгжүүлэх

Ø  Алт олборлох идэвхтэй бүс нутгуудад сорьцийн алба байгуулах, худалдаалах худалдан авах ажлыг түргэн шуурхай найдвартай болгох хэрэгтэй гэх мэт шаардлагууд зүй ёсоор урган гарч байна.

Ер бүхэл бүтэн улс алтаа хаших бодлого барьж, хуулиа чангатгах хэрэгтэй болсныг сануулж байна хуулиа чангатгаж, алтаа эх орондоо авч үлдэх, өөрсдийн гэсэн нөөцөө нэмэгдүүлж  гэмээн Монголчууд урт хугацаанд баялагтаа эзэн суух боломж бүрдэх юм.

 

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага